Тайваний Хуалиен хотын хойд хэсэгт энэ сарын 6-нд 6.4 баллын газар хөдлөлт болсон.

 

Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас өөрийн орны иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байгааг Консулын газрын захирал Я.Ариунболд өнөөдөр мэдээллээ. Тэрбээр, "Газар хөдлөлтийн бүсэд байсан монгол оюутнуудтай энэ сарын 7-8-ны өдрүүдэд холбоо тогтоож, эхний удаад Цу Чи их сургуулийн 4 оюутныг Тайпэй хотод шилжүүлэн авчирсан. Мөн 10 оюутан нэмж ирсэн ба гурван оюутан өөрийн хүсэлтээр тэндээ үлдсэн. Тэндээ үлдсэн оюутнуудтай байнгын холбоотой байгаа. Хэрэв ямар нэг гамшгийн эрсдэл үүсвэл бэлэн байдалд ажиллаж байна. Ер нь газар хөдлөлтийн бүс рүү тухайлсан төлөөлөгч явуулах боломжгүй байсан тул тэндхийн төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгийг авч ажиллалаа. Мөн тэдгээр иргэдэд туслах хүрээнд Хилийн чанад дахь иргэдэд туслах сангаас тодорхой зардал гаргаж ажилласан. Оюутнуудтайгаа өнөөдөр 14 цагт видео хурал хийлээ. Бүгд эрүүл саруул байна. Хувь хүний нууцтай холбоотой учир иргэдийн тухай нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн ярьлаа. 

 

Түүнчлэн Тайпэй дахь Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газарт ажлын хэсэг байгуулан 24 цагаар ажиллуулж, шуурхай дуудлагын +886-2-27229740 дугаараар дуудлага авч байгаагаа гэдгээ олон нийтэд зарласан аж.



МОНЦАМЭ