Дунд сургуульд байхдаа хүн бүр биологийн хичээлийн номон дээрээс тархины хөндлөн огтлолыг харуулсан зургийг харж байсан нь гарцаагүй. Та тархийг хажуунаас нь харсан гэсэн үг. Иймэрхүү зурагнууд тархины ямар хэсгүүд ямар үйл ажиллагааг хариуцдаг гэдгийг тод харуулдаг. Хүний духны ойролцоо байрлах prefrontal cortex хэсэг нь асуудлын шийдлийг олох, зорилго тавих, төрөл бүрийн даалгавар биелүүлэх зэрэг чадваруудыг хариуцдаг. Prefrontal cortex хэсэг тархины төв хэсэгт байрладаг лимбик системтэй харилцан холбоотой ажилладаг. Лимбик систем бидний сэтгэл хөдлөлийг хариуцан ажиллаж, ямарваа нэгэн үйл явдалд сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл үзүүлдэг. Мөн энд хүний удаан хугацааны ой санамж хадгалагддаг байна. Хүн ядуу амьдрах тусам лимбик системээс prefrontal cortex хэсэг рүү айдас, стрессийн дохио илгээгдэж байдаг нь олон олон судалгаагаар нотлогджээ. Энэ бүхэн prefrontal cortex хэсгийг ачааллуулж, улмаар хүн асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх, оновчтой зорилго тавих, даалгавар биелүүлэх чадваргүй болж байдаг. 

Хүн нийгмийн ямар давхаргад харъяалагддагаас үл хамааран энэ үйл явц амьдралынх нь ямар ч үед тохиолдох боломжтой. Тархийг ачаалалтай ажиллахад хүргэдэг олон шалтгаан байдаг. Ажлын хүнд өдөр, гэр бүлд таагүй үйл явдал тохиох зэрэг юу ч байж болно.

Гэхдээ ядуу амьдардаг хүмүүсийн тухайд байдал арай өөр. Ядуу хүмүүс үргэлж стресстэй байдаг. Тэд өдрийн хоолоо арай хийж олдог. Ядуу хүмүүс анги, давхаргаар ялгаварлахын эсрэг байр суурьтай байдаг бөгөөд энэ нөхцөл байдлыг үргэлж эсэргүүцдэг. Ингэснээр тэдний өдөр тутмын амьдрал улам хэцүү болно. Энэ асуудал дээр эрдэмтэд маш тодорхой хариулт өгдөг юм. Тархины эрч хүч, нөөц бололцоог байнгын айдас түгшүүр, ямар нэгэн зүйлийн талаарх санаа зовнилд хий хоосон зарцуулаад байвал өөр илүү чухал зүйлд юу ч үлддэггүй. 

Economic Mobility Pathways (EMPath) байгууллагын ерөнхийлөгч Элизабет Бабкокийн бодлоор ядуу амьдралтай хүмүүс хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж, байнгын аргацаасан байдалтай амьдардаг. Тэд өдөр тутмын стрессээсээ болж буруу шийдвэр гаргадаг байна. Улмаар шинэ асуудал үүсч, тэд амьдралаа дээшлүүлж чадахгүй юм байна гэдэгтээ улам бүр бат итгэсээр байдаг. Тэгвэл Харвардын хүүхдийн хөгжлийн төвийн захирал Ал Рэйсийн хэлснээр ядуурал дунд өссөн хүүхдүүд тэндээ гацаж, сөрөг нөлөөнд хоёр дахин их автаж байдаг гэнэ. Гэхдээ дээр дурьдагдсан тархины хэсгүүд маш уян хатан. Иймд хүүхэд том болоод тархины хэсгүүдийнхээ үйл ажиллагааг сайжруулж, чангатгах боломжтой. 

“Таны тархи янз бүрийн бодолд хэр их дарагдсанаас шалтгаалан та амьдралыг зөвхөн хоёр өнгөөр харж эхэлнэ хар ба цагаан гэж. Өөрөөр хэлбэл танд үйл явдал өрнөх хоёр л зам харагдана гэсэн үг: “Би үүнийг хийх ёстой” эсвэл “Би үүнийг хийж чадахгүй” яг үнэндээ амьдрал тэр чигээрээ саарал байдаг юм” хэмээн EMPath хөтөлбөрийн оролцогч хэлжээ. Intergen төсөлд нэг жил гаруй хугацаанд оролцож буй гэр бүлүүдийн хүүхдүүдийн 86 хувь нь илүү гүйцэтгэл сайтай болсон байна. Харин томчуудын 86 хувь нь гэрээ эмх замбараатай, цэвэрхэн байлгахад суралцжээ. Эдгээр тоо баримтыг Стефани Брук судалгааныхаа үр дүнд дүн шинжилгээ хийснийхээ дараа олж мэдсэн аж. 

“Манай төсөлд оролцсон хүмүүс эцэст нь амьдралынхаа түвшинг дээшлүүлж чадсан. Тэд одоо өөрсдийгөө болон гэр бүлээ авч явах чадвартай болсон” хэмээн Элизабет Бабкок хэлжээ. “Орлого багатай хүмүүст тусалдаг ихэнх байгууллагуудын гол зорилго нь тэдэнд ажил олж өгөх байдаг. Харин бидний зорилго бол тэдэнд зөвхөн өөрийгөө бус мөн гэр бүлээ тэжээх чадварыг эзэмшихэд нь туслах явдал юм.”Тус байгууллага шинжлэх ухааны нотолгоотой баримтууд дээр тулгуурлан судалгаа хийж, ажлаа явуулдаг тул өндөр үр дүн гардаг. Байгууллагын удирдлагууд тархи хэрхэн ажилладагийг сайн мэднэ. Тэдний зохион бүтээсэн бүх зүйлс хүний тархийг дахин програмчлахад чиглэсэн байдаг.