Тус компани бизнесийн олон асуудалтай тулгарч байгаа ч дэлхийн хамгийн том вебсайтуудын нэг хэвээр байна. “Yahoo” сар бүр хэдэн саяар тоологдох хэрэглэгчтэй болж, жилд дөрвөн тэрбум гаруй ам.долларын ашиг орлоготой ажилладаг. Ашиг орлоготой, амжилттай ажиллахын тулд чадварлаг мэргэжилтнүүд шаардлагатай. Тиймээс ч эдгээр мэргэжилтнийг компанидаа үлдээж, хамгийн сайнаар нь ажиллуулахын тулд хангалттай цалин өгөхөөс “Yahoo” эмээдэггүй. “Business Insider” сайт дундаж цалингийн мэдээлэл өгдөг “Glassdoor” сайттай хамтран тус компанийн хамгийн өндөр цалинтай 11 ажлын байрыг нэрлэжээ. “Glassdoor” сайт одоо ажиллаж байгаа ажилтнуудын сайн дурын тайланд үндэслэн жилийн дундаж цалингийн хэмжээг тодорхойлсон байна.

1. Бүтээгдэхүүний менежментийн захирал

Төслүүдэд гол үүрэг гүйцэтгэж, худалдаа, программын инженер, маркетингийн дарга нартай харилцаж, ерөнхийдөө бүх үйл ажиллагааг хариуцдаг гэж болно. Тэд бүтээгдэхүүний ерөнхий зураглалыг гарган, хувьцаа эзэмшигчдэд зорилгыг танилцуулж, төсөв санхүүг ч зохицуулдаг. 

ЦАЛИН: 247.047 доллар

2. Ахлах инженер

Инженерүүдийн хувьд туршлага маш чухал. Хэрэв туршлагатай бол “Yahoo”-гийн олон зуун инженерийг нэгэн зүгт чиглүүлэн удирдаж болно. Инженерүүдийн цалингийн хэмжээ ажиллаж буй салбараасаа хамааран янз бүр байх ч вебд суурилсан үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын хувьд тэд хамгийн чухал үүрэгтэй, өндөр цалинтай мэргэжилтнүүдийн нэг билээ. 

ЦАЛИН: 228.791 доллар

3. Ахлах дизайнер

Хэрэглэгчдийг татахад бүтээгдэхүүний загвар маш чухал үүрэгтэй. Тиймээс ч дизайны ахлах дизайнерын цалин дунджаас 38 хувиар илүү байдаг болов уу. 

ЦАЛИН: 218.656 доллар

4. Ерөнхий инженер

“Yahoo” сайт өдөрт хэдэн сая хандалттай байдаг учир үйл ажиллагааг саатуулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Энэ ажлыг ерөнхий инженер хариуцдаг. 

ЦАЛИН: 191.940 доллар

5. Ерөнхий архитектор

Интернэт компанийн хувьд архитектор гэдэг барилгаас илүү бүтээгдэхүүнд анхаарч ажилладаг. Тодруулбал, шинэ бүтээгдэхүүний сүлжээний бүтэц, контент түгээх аргыг сайжруулах зэргийг ерөнхий архитектор хариуцна. 

ЦАЛИН: 185.741 доллар

6. Программ хөгжүүлэлтийн ахлах инженер

Тэд программ болон аппликэйшн зохиож,  бичиж, загварчилж, хөгжүүлдэг. Интернэт компанийн хувьд программ хөгжүүлэлтийн ахлах инженер маш чухал үүрэгтэй. 

ЦАЛИН: 179.959 доллар

7. Санхүүгийн албаны дарга

“Yahoo” өнгөрсөн онд 4.6 тэрбум ам.долларын ашиг орлого олсноор цахим сүлжээний компаниудыг тэргүүлсэн. Үүнээс үзвэл санхүүчид эдийн засгийн таамаг, төлөвлөгөө, дүн шинжилгээ ямар түвшинд хийдэг нь тодорхой юм. 

ЦАЛИН: 178.198 доллар

8. Бизнес хөгжүүлэлтийн албаны дарга

Энэ албан тушаалд очсон хүн түншүүдтэй харилцаж, стратеги төлөвлөгөө гарган ашиг орлого олох ажлыг хариуцдаг. 

ЦАЛИН: 172.282 доллар

9. Маркетингийн албаны дарга

“Yahoo” компанийн зорилтот хэрэглэгчид бүтээгдэхүүнээсээ хамаарч олон янз байдаг тул маркетингийн олон төлөвлөгөө зохиох хэрэгтэй болдог. Тиймээс маркетингийн албаны дарга бол ачаалал их, хариуцлагатай албан тушаал юм. 

ЦАЛИН: 167.739 доллар

10. Программын албаны дарга

Бүтээгдэхүүний нас, ирээдүй, эрсдэлийг тооцоолох зэрэг ажил хариуцаж ажиллана. Тэд боловсруулалт, хөгжүүлэлтээс эхлэн ажилтны оролцоо хүртэл маш өргөн цар хүрээнд ажилладаг. 

ЦАЛИН: 166.030 доллар

11. Судалгааны ахлах эрдэмтэн

“Yahoo”-гийн судлаач эрдэмтэд ихэвчлэн лабораторид ажилладаг. Тэд мэдээлэлд дүн шинжилгээ хийж, технологийн судалгаа хийдэг аж. Үүнд хэрэглэгчийн сэтгэл зүй, оновчлол, вирус тогтоох зэрэг ажил багтана. 

ЦАЛИН: 165.498 доллар