ВАШИНГТОН. /Washingtonexaminer/. Арван гурван настай хүүд бэлэглэсэн морь БНХАУ болон ОХУ-д анхааруулгын дохио илгээлээ. Ийм зүйл олон улсын тавцанд тэр бүр тохиолдоод байдаггүй ч Цагаан ордонд болсон юм.

ОХУ болон БНХАУ-ын дунд орших Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Барронд найрсаг харилцааны бэлгэдэл болгон морь бэлэглэсэн тухай эх сурвалжууд өмнө нь мэдээлсэн билээ. БНХАУ-тай маргаантай байгаа энэ үед Д.Трамп Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Цагаан ордонд хүлээн авч уулзлаа. Д.Трамп морины зургийг хараад “сайхан морь байна” гэж хэлжээ.

“Үндэсний уламжлалт, хүндэтгэлийн бэлэг хүлээн авсандаа Ерөнхийлөгчийн гэр бүл Монгол Улсад маш их талархаж байгаа. Морийг “Ялалт” хэмээн нэрлэсэн” гэж Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Стефани Гришем хэлэв.

Ийнхүү нэрлэсэн нь АНУ болон Монголын харилцаанд стратегийн ихээхэн ач холбогдол бий гэдгийг тодотгон харуулж байна. Үүнээс гадна Зүүн Хойд Ази дахь АНУ-ын тагнуулын үйл ажиллагаанд Монголын газар зүйн байрлал чухал ач холбогдолтой болохыг Цагаан ордны томоохон албан тушаалтан хоёр удирдагчийн уулзалтын өмнөхөн цухас дурдсан юм. Энэхүү дээд хэмжээний уулзалт нь АНУ-ын ард найзууд байдаг шүү гэсэн илэрхий анхааруулгыг БНХАУ болон ОХУ-д өглөө.

“Морь бэлэглэнэ гэдэг нь хоёр улсын харилцааны ач холбогдлыг илтгэж буй хамгийн уламжлалт бөгөөд бэлгэдлийн хэлбэр юм. Энэ дохио Бээжин рүү явсан” гэж Америкийн “The Heritage Foundation” судалгааны төвийн олон улсын эдийн засгийн шинжээч Энтони Ким хэлэв.

13 дугаар зууны үед Чингис хааны байлдан дагууллын гол хүч болж байсан морьд өнөөг хүртэл Монгол Улсын шүтээн хэвээр байгаа билээ. Баррон Трампын хувьд Монгол Улсаас морь бэлэгт авсан анхны нэр нөлөө бүхий хүмүүсийн нэг биш юм. Өмнө нь 2005 онд Дональд Рамсфелд, 2014 онд АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Чак Хейгел Монголд айлчлах үеэрээ морь бэлгэ болгон авч байжээ.

Зүүн Хойд Азийн бүс нутгийг чиглэсэн АНУ-ын үйл ажиллагаа, хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг эдгээр морины нэрс илтгэж байна. Чак Хейгел бэлгийн морио “Shamrock” буюу “Залуу мөчир” гэж нэрлээд, “намайг эзгүйд сайн байж байгаарай” гэж хэлээд нутаг буцсан байдаг.

Харин Дональд Рамсфелдын хувьд Улаанбаатар хотын дүр төрх түүний төрсөн муж улсыг санагдуулсан учир морио “Монтана” гэж нэрлэжээ. Тухайн үед Монголын төлөөлөгч Дональд Рамсфелдад хандан таны морийг талын салхи л унана гэж хэлсэн нь энэ бол зөвхөн таны морь шүү гэсэн санааг илтгэсэн байна. Үүнээс 6 жилийн дараа Д.Рамсфелд Монголд очиж, Монтана морьтойгоо багагүй цагийг өнгөрүүлжээ.

“Ер нь морь бэлэглэнэ гэдэг онцгой найз болон зочиндоо хүндэтгэл үзүүлж байгаагийн илрэл боловч энэ удаагийн бэлэг нь миний хувьд АНУ-Монголын урт хугацааны харилцаа холбоог бэхжүүлэх гагнаас мэт харагдаж байна” гэж Энтони Ким санал бодлоо хуваалцсан юм.

Монгол Улсын эрх баригчид ОХУ, ялангуяа экспортынх нь 90 орчим хувийг эзэлдэг БНХАУ-аас хэт хамааралтай байх гэдэг асуудалд их санаа зовнидог. Үүний зэрэгцээ өмнөд хэсгээр хиллэдэг Өвөр Монгол БНХАУ-д хамаардаг.

Мягмар гарагт Х.Баттулга Стратеги, олон улсын судалгааны төвд зочлох үеэрээ “ОХУ болон БНХАУ-тай бид ямар ч хилийн маргаан байхгүй, бид хилээ баталгаажуулсан. Миний юу хэлэх гээд байгааг ойлгосон гэж найдаж байна” хэмээн ярьсан.

Харин Энтони Кимийн үзэж буйгаар, БНХАУ Монгол Улсыг өөртөө аажмаар шингээхийг оролдож магадгүйд Х.Баттулга санаа зовж байгаа бөгөөд энэ асуудалд тэд цаг ямагт санаа зовдог аж.

Эцэст нь Д.Трампын Засаг захиргаа Монгол Улстай харилцаагаа бэхжүүлэх зорилготой байгаа нь харагдаж байна. Хоёр орны төрийн тэргүүн нар лхагва гарагт 2011 оноос хойших анхны уулзалтаа хийлээ. Үүний өмнө 6 дугаар сарын 30-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Жол Болтон Улаанбаатарт айлчилсан билээ. Үүгээр ч зогсохгүй хоёр орны өндөр дээд түвшний төлөөлөгчдийн гурав дахь уулзалтын тов аль хэдийн гарчээ. Тэр нь АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эсперийн айлчлал юм.

БНХАУ болон ОХУ-ын дунд орших Монгол Улстай найрсаг харилцаатай байх нь АНУ-ын дүр төрх, оролцоог бэхжүүлнэ. Энэ бол бидний илгээж болох нэг төрлийн дохио. Мөн энэ нь тоглоомын төгсгөл биш бөгөөд олон зүйлийн эхлэл юм” гэж Энтони Ким хэлэв.

Эх сурвалж: Монцамэ агентлаг