Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар танилцууллаа. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлэх программ ашиглалтад оруулж, 1800 орчим зөрчилд хариуцлага тооцон, гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлжээ. Мөн зах, худалдааны төв болон орон сууцны хотхон хороолол доторх авто замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулж эхэлсэн байна. Энэ мэтээр холбогдох албаныхан хийсэн ажлынхаа талаар танилцуулга хийв.


Тухайлбал, нийслэлийн Авто замын хөгжлийн газраас орон сууц гэр хорооллын холбоос замын сүлжээг сайжруулахаар Газрын албатай хамтран хайс, хашааг буулгаж, хатуу хучилттай зам тавихаар төлөвлөөд байгааг тус газрын орлогч дарга Б.Индра танилцууллаа.

“Төлбөртэй автозогсоолын тоог 42 болгож нэмлээ. Улаанбаатар хотын 20 байршлын авто замыг хоёр түвшний огтлолтой болохоор төлөвлөсөн. Яармагийн гүүрний ажил дуусаж ашиглалтад оруулаад байна. Ирэх онд ТЦА-ны дэргэдэх гүүрийг ашиглалтад оруулна. Мөн “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хүрээнд зургаан байршилд авто замын огтлолцлыг салгахаар ажиллаж байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан 70 дугаар тогтоолын хүрээнд Төв номын сан, I сургуулийн орчимд эгнээ нэмж, тэмдэг тэмдэглэгээ хийсэн. Мөн шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж, хяналтын камерыг суурилуулж дууссан. Ирэх жилүүдэд гэр хорооолол руу түлхүү зам тавина” гэсэн юм.

Тээврийн цагдаагийн албанаас 2018 онд хөдөлгөөний ачааллыг бууруулахаар “Хамтдаа шийдье” зөвлөгөөн хийсэн бөгөөд шинээр хийх боломжтой зохицуулалтыг тодорхойлжээ. Тодруулбал, нэг чигийн хөдөлгөөнтэй замын тоог нэмэх санал гаргаж байгаа аж. Уг ажлын бэлтгэл болгож Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран судалгааны ажил эхлүүлсэн гэв. Мөн тус албанаас нийслэлийн Тээврийн газартай хамтран сургуулийн автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж буй гэнэ.

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс олон нийтийн 28 цагдааг гудамж талбай, авто замын нэгдүгээр эгнээнд хяналт тавиулж байгаа нь хөдөлгөөний ачааллыг бууруулахад нэмэртэй байгааг цагдаагийн байгууллагынхан онцоллоо.

Харин нийслэлийн Газрын албанаас хороолол доторх богино холболттой замыг сайжруулахаар ажиллаж байгааг тус албаны дарга Э.Болорчулуун танилцуулав. 

Өнгөрсөн онд зургаан дүүргийн хэмжээн дэх хайс, хашааны судалгааг хийсэн тул чөлөөлөх ажил эхлүүлэхэд түвэггүй байх нь. Цаашид шинээр барьж, ашиглалтад оруулж буй хорооллуудад автомашин ороод гацах нөхцөл үүсээд тул ямар байгууллага хашаатай байж болох вэ гэсэн журам боловсруулсан байна. Түүнчлэн хорооллын доторх зөвшөөрөлгүй тоосгон гараашийн судалгааг гаргаж газар дээр нь зам тавих, эсвэл давхар гараашийн төсөл хэрэгжүүлэхээр санал боловсруулж буй аж.