Япон Улсад “Ур чадвартай” ажиллах хүч илгээх, хүлээн авах тогтолцоог хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ) болон Японы Гадаадын харьяатын асуудал эрхэлсэн ерөнхий газар хоорондын зөвлөлдөх уулзалт өнгөрсөн долоо хоногт болжээ.

Тус уулзалтад ХХҮЕГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр, Гадаадын харьяатын асуудал эрхэлсэн ерөнхий газрын тэргүүн дэд орлогч дарга Мичи Рёкүичиро нар хоёр талыг төлөөлөн оролцов.

Талууд өнгөрсөн 4 дүгээр сард Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Япон Улсын Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам, Үндэсний цагдаагийн агентлаг хооронд үзэглэсэн оршин суух зөвшөөрөлтэй “Ур чадвартай” ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх тухай санамж бичигт заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээр доорх арга хэмжээг тохиров. Үүнд:

  1. Япон Улсын аж ахуйн нэгж, байгууллагууд “Ур чадвартай ажилтан”-аар Монгол Улсын иргэнийг хүлээн авах тохиолдолд Монгол талын цор ганц илгээгч байгууллага болох ХХҮЕГ-тай байгуулах “Ажил үүргийн гэрээ”-ний эхийг тохиров.
  2.  “Ур чадвартай ажилтан” –аар Япон Улсад хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байгаа иргэдийн Япон хэлний мэдлэг, тухайн иргэний мэргэжлийн чадварыг үнэлэх “Ур чадвар”-ын шалгалтыг зохион байгуулах хүрээнд талуудын оролцоог дахин нягталлаа.
  3. Япон Улсад “Ур чадвартай ажилтан”-г Монгол Улсаас илгээх үйл ажиллагааны шат дарааллыг тохиролцов.

Хоёр улсын байгуулсан санамж бичгийн хүрээнд Япон талаас зохион байгуулах Япон хэлний шалгалт (JFT-Basic, JLPT)-ын зохих түвшинг хангасан, ур чадварын шалгалтад тэнцсэн иргэдийн тухайд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь уг санамж бичигт заасан чиг үүргийн дагуу ажил хайгчийн бүртгэлийг явуулна. 

Бүртгэлийн бэлтгэл ажил явагдаж дуусмагц бүртгэлийг эхлүүлэх тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах болно.



Эх сурвалж: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар