ТОКИО. /TASS/. Азийн орнуудын хувьд Японы милитаризмын бэлгэ тэмдэг гэж тооцогддог Ясүкүни сүмд тус улсын парламентын хэсэг бүлэг депутат мягмар гарагт мөргөл үйлдсэн тухай "Kyodo" агентлаг мэдээлжээ. Мөргөл үйлдсэн депутатуудын дотор улс төрийн янз бүрийн намаас сонгогдсон гишүүд байгаа болохыг онцлон тэмдэглэсэн байна. Үүнээс өмнө Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хаврын тахилга эхэлсэнтэй холбоотойгоор өнгөрөгч ням гарагт Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ. Абэ БНХАУ болон БНСУ-тай харилцаатай муутгахгүйн тулд 2013 оноос хойш уг сүмд очихоо больсон байна.

Японы синто шашны уг сүмд XIX зууны дунд үеэс хойш байлдааны талбарт амь үрэгдсэн бүх цэргийн нэрсийн жагсаалтыг хадгалсаар иржээ. Уг жагсаалтад цэргийн гэмт хэрэгтэнд тооцогдож, Токиогийн шүүх хурлаар цаазын ял авсан хүмүүсийн нэрс байдаг. Тийм учраас Ясүкүни сүмд Японы албаны хүмүүс очих, өргөл барьц өргөх бүрт Дэлхийн II дайны үед Японы түрэмгийлэлд өртөж байсан Хятад, Өмнөд Солонгос зэрэг Азийн улс орнууд уг үйлдлийг доромжлол гэж үзэн эсэргүүцсээр иржээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг