Японы Засгийн газраас 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт хойд зүгийн Хоккайдо аралд болж магадгүй хэмээн анхаарууллаа. Учир нь иймэрхүү хүчтэй газар хөдлөлт тухайн бүс нутагт 350 жилийн интервалтай болдог аж. Хамгийн сүүлийнх нь 400 жилийн өмнө болсон тул энэ удаагийнх ойрхон байгаа гэж эрдэмтэд үзэж буй. 

Засгийн газрын коммиссоос газар хөдлөлтийн хүчийг тооцоолж, Чишима судлыг дагаж болох магадлалтайг энэ мягмар гарагт мэдээлсэн юм. Эрдэмтэд хамгийн сүүлийн үеийн судалгаанд үндэслэсэн байна. Чишима судал Хоккайдогийн зүүн, хойд хэсгээр байрладаг. Газар хөдлөх магадлал ирэх 30 жилд 7-40 хувьтай ажээ. 

Коммиссын дарга, Токиогийн их сургуулийн Газар хөдлөлтийн судалгааны институтийн профессор Наоши Хирата “2011 оны гуравдугаар сард болсон шиг газар хөдлөлт болох аюул Японыг нөмрөөд буй. Тиймэс Хоккайдогийн зүүн хэсгийн оршин суугчид аварга цүнамид бэлэн байх хэрэгтэй” хэмээжээ.