Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүтэй утсаар ярив. Талууд “COVID-19” халдварын тархалттай холбогдуулан  хоёр улсын төр, засгийн зүгээс явуулж буй бодлого, үйл ажиллагаа, арга хэмжээг харилцан танилцуулж мэдээлэл солилцов. Сайд Д.Цогтбаатар энэхүү цар тахлын аюулыг дэлхийн улс орнууд гагцхүү хамтын хүчээр даван туулна гээд энэ чиглэлд бүс нутгийн түвшинд дэвшүүлж буй тодорхой санаачилгуудаа танилцуулав. 

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги цар тахалтай тэмцэхэд бүс нутгийн нягт хамтын ажиллагаа нэн чухлыг онцлохын сацуу Монгол Улсын зүгээс дотооддоо халдварыг тархаалгүй, эхнээс нь үр дүнтэй арга хэмжээ авч, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж байгааг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглэв. 

Мөн Япон Улсын Засгийн газраас манай улсад эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад шуурхай санхүүгийн дэмжлэг, төслийн бус буцалтгүй тусламж үзүүлэхээр болсноо мэдэгдэв. Сайд Д.Цогтбаатар эдгээр тусламж дэмжлэг болон олон улсын байгууллагуудын шугамаар үзүүлсэн туслалцаа, авиган эмийн нийлүүлэлтэд гүн талархал илэрхийлэв.

Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар 2022 онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлд хамтран ажиллаж, Стратегийн түншлэлийг улам гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Сайд Т.Мотэги Сайд Д.Цогтбаатарт хандан цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.


Эх сурвалж: Гадаад харилцааны яам