-Яс ургалтыг зогсоох уламжлалт эмчилгээ бий юу?

-Яс нь шороо махбодын хувь ихтэй, хий голлон гүйдэг эрхтэн. Хийн бүх өвчлөлийн үед яс хямрах магадлалтай. Ийм учраас эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин, зүрхний хий, бөөр, давсагны хүйтэн хий зэрэг өвчний үед ясны эмгэг өвчлөл үүсэх нь элбэг байдаг. Мөн халдварт ханиад томуу болон бусад халдварт өвчний эдгэрэлтийн үед халуун нь хийтэй хавсардаг учраас халууны сүүл ясанд шунаж ясны өвчнийг үүснэ. Сүүлийн үед төрсний дараах гам алдалтаас шалтгаалсан ясны өвчлөл элбэг болсон. 

Ханиад томууг дутуу эмчилсэнээс хий ясны өвчин архагших талтай. Хүмүүс цул сав эрхтэнээ их анхаардаг. Харин яс, арьс, судсаа анхаарч, хамгаалахгүй байна. Ясны ургалтыг зогсоох, ургасан ясыг шимэгдүүлэх эмчилгээ уламжлалт анагаах ухаанд бий. Эмчилгээний зарчим нь биеийн бүх ясны тунгалаг цөвийн боловсролтыг сайжруулах эм, заслын эмчилгээ хийнэ. Ясанд хамгийн сайн бөгөөд эмчилгээний энгийн арга бол шимтэй яс болох нас бие гүйцсэн хязаалан хонины борви, тойг, далны бариулны ясыг хоол, цайндаа буцалгаж хэрэглэх. Эдгээр шимтэй ястай буцалгаж, ман 4 тантай хамт хэрэглэснээр ясыг төлжүүлж, ясны өвчлөлөөс сэргийлэхэд чухал нөлөөтэй.

Эх сурвалж: Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг