Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлж, энэ сарын 30-ныг хүртэл бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод буй. Үүнтэй холбоотойгоор ЕБС-ийн сурагчдаас анги дэвших болон улсын шалгалт авахгүй байхаар болжээ. Харин ЭЕШ-ыг товлосон хугацаандаа авах аж.

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Шалгалтын талаар Боловсролын үнэлгээний төв болон холбогдох бусад байгууллагтай нэлээд ярьж, тодорхой шийдэлд хүрсэн. Удахгүй албан ёсны шийдвэрийг сургуулиудад хүргүүлнэ.

12 хүртэлх ангийн хүүхдүүд жил бүр төгсөлтийн шалгалт өгч, анги дэвшдэг. 5, 9, 12 дугаар ангийн сурагчид төгсөлтийн шалгалт өгдөг. Уг шалгалтуудыг энэ жил авахгүй байхаар шийдвэрлэсэн. 

Анги дэвших шалгалтыг цаашид ч авах шаардлагагүй гэж үзэж байгаа. Аль ч улс оронд ийм шалгалт авдаггүй. 

Таван долоо хоногоор хичээлийн тасалдал үүсч буй энэ үед тал хувийг нь теле хичээлээр нөхөж байгаа. Тал хувийг нь 4, 5 дугаар сарын бямба гарагуудад болон гуравдугаар улирлын амралтын долоо хоногт хичээллэж нөхнө. Иймд үлдсэн хугацаанд тасалдсан бүх хичээлээ жигд нөхөх, сурах ёстой гэж үзээд улсын шалгалт авахгүй боллоо. Улирлын шалгалт бусад дүнгээр дүнг нь тооцож гаргана. 

Улсын шалгалтыг заавал үздэг 3-4 хичээлээр авдаг учир хоцрогдолтой энэ үед бусад хичээл нь орхигдохоор байна. Ирэх 4, 5 дугаар сард 2019-2020 оны бүх хичээлийн хоцрогдлыг арилгаж, жигд мэдлэгтэй төгсгөхөд анхаарч ажиллаж байна. 

ЭЕШ зургадугаар сарын 8-11-нд явагдана. Тус шалгалтыг энэ жил заавал үзэх хичээлүүдийн судлагдахуунаар авна. Өмнөх жилүүдэд заавал үзэх болон сонгож үзэх хичээлийн агуулгаар хамтатган нэлээд хүндрүүлж авч байсан. ЭЕШ-ын суурь оноонууд өнгөрсөн жилийнхээрээ байна. Гэхдээ ЭЕШ өгөх хүүхдүүд өмнө нь монгол хэл, бичгийн хоёр удаагийн шалгалтыг өгнө. 

Уг шалгалтыг 4 дүгээр сарын 25-нд авна. Үүнд амжилтгүй оролцсон болон амжиж ороогүй сурагчид 5 дугаар сарын 16-нд дахин өгнө. Босго оноо нь  400 хэвээр байна" хэмээн мэдээлэл өглөө.