Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хүрэлцээ, хангамж, дүрэмт хувцасны үйлдвэрлэл, худалдааны асуудлаар үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо.

Хэвлэлийнхэнд нээлттэй болсон уулзалтын эхэнд сайд бодлогын байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Улсын хэмжээнд 1-12 дугаар ангийн 600 мянган сурагчийг 170 гаруй төрлийн сурах бичгээр бүрэн хангахад 40 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Нийслэлийн хэмжээнд хоёр хүүхдийн дунд нэг сурах бичиг олгогдож байхад хөдөө, орон нутгийн зарим алслагдсан сум, багийн сургуульд нэг ангид хоёр сурах бичиг оногдож байна. Тиймээс ирэх есдүгээр сарын нэгэн гэхэд сурах бичгийг тодорхой хэмжээнд хүртээмжтэй болгохын тулд гарц, шийдэл хайж өнөөдрийн уулзалтыг хийж байна. Бага анги болон зорилтот бүлгийнхэндээ сурах бичгийг үнэ төлбөргүй өгдөг хуучин журмаараа явна. Гагцхүү дунд, ахлах ангийн үлдсэн хэсэгт нь түрээсийн сурах бичгийг нэвтрүүлж, хүртээмжийг нь нэмэгдүүлье гэдэг дээр санал нэгдээд ажиллаж байна. Эхний ээлжинд Засгийн газрын хуралдаанаар сурах бичиг хэвлэхэд зориулж 3.7 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлсэн. Мөн Азийн Хөгжлийн Банктай уулзаж, санхүүжилт шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа. Сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай учраас бид дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, боломжтой бүх санхүүгийн эх үүсвэрийг судлан үзэж, зохих арга хэмжээг нэн яаралтай авч ажиллах болно. Зориуд онцлон хэлэхэд сурах бичгийн агуулгыг өөрчлөх, дахин шинэчлэх асуудал байхгүй” гэлээ.

Уулзалтад “Соёмбо принтинг”, “Мөнхийн үсэг”, “Сэлэнгэпресс”, “Содпресс”, “Битпресс” зэрэг хэвлэх үйлдвэрийн удирдлагууд оролцож, урьд жилүүдэд үүсэж ирсэн хүндрэлүүд болон түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо сайдад уламжлав. Тухайлбал, сурах бичиг ченжүүдээр дамжин хэт өндөр үнээр дамлагдах явдлыг зогсоох шаардлагатай гэлээ. Хэвлэх үйлдвэрүүдээс сурах бичгийн ченжүүд 2000-5000 төгрөгийн үнэтэй худалдан аваад 20 мянган төгрөг хүртэл үнэ нэмж борлуулдаг гэж байлаа. Иймд яамны зүгээс сурах бичиг хэвлүүлэх зардлыг бага хэмжээгээр нэмсэн тохиолдолд, хэвлэх үйлдвэрүүд номын дэлгүүрээр номуудыг хямд үнээр борлуулах, ченжүүдийн гарт хүргэхгүй байх боломжтой гэсэн юм.

Дараа нь сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн төлөөлөл “Батзүү”, “Топ зүү”, “Шилмэл загвар”, “Төмөр трейд”, “Торгон хийц”, ”Налайхын “Бүтээлч үйлс” зэрэг компани, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзав.

Дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн том бэрхшээл нь зах зээлээ импортын бараанд 70-80 орчим хувиар алдсан явдал гэлээ. Тодруулбал, есдүгээр сарын нэгэн дөхөхөөр БСШУСЯ-ны дүрэмт хувцасны загварыг хуулбарласан, чанаргүй материал бүхий дуураймал бүтээгдэхүүн томоохон захуудаар дүүрдэг байна. Өмнөд хөршид үйлдвэрлэсэн эдгээр хувцас татваргүй орж ирдэг учраас хямдаар зарагдаж, үндэсний үйлдвэрүүд үнэтэй гэгдэх харьцуулалтыг бий болгодог гэв. Энэ явдлыг хязгаарлахад яамнаас тодорхой стандарт тогтоох, нэг загварын биш, өөрөөр хэлбэл сургууль өөрсдөө загвараа санал болгож, үйлдвэрүүдтэй гэрээлдэг байх зэрэг саналыг хэлж байв.

Ийнхүү сурах бичиг болон дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзсаны дараа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг хугацаатай эдгээр асуудлыг “Хүүхэд-хэрэглэгч” гэдэг агуулгаар харж, чанартай, боломжит хямд үнээр хүргэх талаар үйлдвэрлэгчид нэгдсэн санал боловсруулж, дахин уулзах чиглэл өглөө.



Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам