Гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж чадалгүй хоёр долоо хоногийн хугацаа өнгөрөөд байна. 

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын залуу гишүүд болох Ё.Баатарбилэг, Н.Амарзаяа, А.Ундраа, Н.Номтойбаяр нар өчигдөр УИХ-ын ахмад гишүүд болох Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд, Ч.Улаан нарт шаардлага хүргүүлжээ.

Тэд тус шаардлагадаа:

"...Хамгийн олон удаа сонгогдсон гишүүд та бүхэн улс орны нөхцөл байдал хүндэрч буй энэ үед санаатайгаар төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг зогсоож буйд харамсаж байна. Та бүхэн наанаа шударга ёсны дүртэй боловч цаанаа улс төрийн өндөр албан тушаалын төлөө тэмцэж буй чинь ил болоод байна.

Энэ тэмцэлдээ залуу гишүүдээ ашиглаж, талцуулж буйд чинь мөн харамсаж байна. Та бүхэн одоо нэмж дээл давхарласан ч даахгүй болсон. Тиймээс 2018 оны УИХ-ын намрын чуулганы үлдсэн хугацаанд бусад гишүүдээ манлайлан ирцээ бүрдүүлж, чуулган, байнгын хороодын хуралдаанд идэвхтэй оролцохыг шаардаж байна.

Хэрэв бидний шаардлагыг үл хэрэгсвэл бид та бүхний тойргийн сонгогч иргэдтэй хамтран УИХ-ын гишүүний бүрэн эрхээс тань огцруулах шаардлагыг тавих болно гэдгээ мэдэгдэж байна" хэмээжээ.

Уг шаардлагыг хүргүүлсэн талаар дээрх залуу гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "УИХ-ын гишүүн Ц.Нямдорж залуу гишүүдээ чуулганы хуралдаанд орж болохгүй шүү хэмээн тас загнасан байсан. Мөн Ө.Энхтүвшин гишүүн УИХ-ын даргыг огцруулахтай холбоотой бүх материал, бичиг баримтыг хариуцан ажиллаж байна" хэмээн хэллээ.


Дээрх гишүүдийн мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.