УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр 57.9 хувийн ирцтэй хуралдлаа.

Хуралдаанаар агаарын бохирдлын улмаас хүн амын дунд тохиолдож байгаа өвчлөл, эрүүл мэндийн асуудал, эрүүл мэндийн байгууллагын ачаалал, нөхцөл байдал, үүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай хуулиудын холбогдох заалтууд Улсын Их Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын мэдээлэл сонслоо.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн мэдээллийнхээ эхэнд агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгал, зүрх судасны өвчин, харшлын эмгэг болон хавдар, хүүхдийн бие махбодын өсөлт, хөгжил, физиологийн хэвийн үйл ажиллагаа, нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, дархлааны түвшинг бууруулдаг болохыг Дэлхийн олон улс оронд хийгдсэн судалгаагаар тогтоосон бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн 10 эрсдэлт хүчин зүйлийн нэгд агаарын бохирдлыг оруулсан болохыг онцолсон.

Уушгины хатгалгааны эсрэг вакцин”-д 2018 оны 11 дүгээр сарын байдлаар давхардсан тоогоор нийслэлийн 9 дүүргийн 72,264 хүүхдийг хамруулаад байгаа аж.

Агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн дархлааг сайжруулах, томуугийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор томуугийн эсрэг дархлаажуулалтад 117,215 хүнийг хамруулж, хамралт 94 хувьтай яваа гэсэн мэдээллийг өглөө.

Улаанбаатар хотын өвлийн улиралд бүртгэгддэг амьсгалын замын өвчлөлийн бараг тал хувь нь агаарын бохирдол болон цаг уурын хүчин зүйлстэй хавсран гарч байгаа бөгөөд нийт хүн амын зүрх судасны тогтолцооны өвчлөлийн 20 орчим хувь нь, амьсгал болон зүрх судасны улмаас нар барагсдын 30 шахам хувь нь, уушгины хавдраар нас барагсдын 40 орчим хувь нь агаарын бохидлоос үүдэлтэй болохыг манай судлаачид тогтоосон хэмээн дэд сайд онцлоод амьсгалын тогтолцооны өвчин нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болсоор байгаа бөгөөд 2008 онд 10,000 хүн ам тутмаас 972.9 хүн өвдөж байсан бол 2017 онд энэ үзүүлэлт 1671.4 болж 1.7 дахин нэмэгдээд байна гэлээ.

Монгол Улсад 2017 онд хорт хавдрын 6,073 шинэ тохиолдол оношлогдсоноос 7.2 хувийг уушиг, гуурсан хоолойн хорт хавдар эзэлж, нийт хавдрын өвчлөлөөс 3 дугаар байрыг эзэлж байгаа аж.

Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөлд амьсгалын тогтолцооны өвчин тэргүүлэх шалтгаан болж, уушгины хатгалгаа 25.4 хувь, цочмог бронхит 21.0 хувь, томуу, томуу төст өвчлөл 10.9 хувийг тус тус эзэлж байна.

Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 977 хүүхдийн орон дээр 1,426 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 75 хувь нь амьсгалын замын халдвартай хүүхдүүд эзэлж, хүүхдийн орны ачаалал 46 хувиар хэтэрсэн байгаа хэдий ч орны зохицуулалт хийх ажлыг шуурхай зохион байгуулсан гэв. Насанд хүрэгчдийн 244 орыг хүүхдийн оронд шилжүүлж, зөөврийн 214 орыг нэмэлтээр нөөц орон зайд байрлуулан нийт 458 ороор нэмэгдүүлэх зохицуулалт хийжээ.


Мөн энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнд байдаг Төрийн бус байгууллагууд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1-4 дүгээр бүсэд амьдарч буй өрхийн жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эхчүүд, бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах, цэвэр агаартай амралт сувилалд амруулах санал дэвшүүлсэнийг хорооны хурлаар дэмжин Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолд “Өвлийн саруудад нийслэлийн ойролцоох сувилал, амралтын газарт 0-10 настай хүүхэдтэй гэр бүлийг хөнгөлөлттэй үнээр амраах зохицуулалтыг нэн яаралтай судлах” ажлыг ЭМЯ , СЯ болон ХНХЯ-д үүрэг болгосон.

Үүний дагуу ХНХЯ-ны зүгээс нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1-4 дүгээр бүсэд амьдарч буй өрхийн жирэмсэн болон 0-5 насны хүүхэдтэй эхчүүд, бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалах, цэвэр агаарт амралт, сувилалын газарт хөнгөлттэй нөхцөлөөр амраах зорилгоор судалгааг хийж тооцоо гарган Сангийн яам болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлсэн" гэлээ.

Мэдээлийн дараа Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг "Засгийн газрын гишүүд аливаа шийдвэр гаргахдаа сэтгэлийн хөөрлөөр хандах бус тодорхой тооцоо, судалгаанд үндэслэх ёстой гэдэг нь өнгөрсөн долоо хоногт нийгмийн зүгээс асар их шүүмжлэл дагуулсан 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг тав хоног амралтанд амраах тухай асуудал харууллаа" гэлээ. 

Мөн тэрбээр "Бидэнд ирүүлсэн мэдээллээр бол улсын хэмжээнд 0-5 насны 390 мянга, 5-10 насны 190 мянга, 10-16 насны 320 мянган хүүхэд байна. Мөн улсын хэмжээнд 40 мянган хөхүүл эх, 4800 жирэмсэн эх байна.

Энэ олон мянган хүүхэд, эхчүүдийг амраах амралтын газар байна уу, бааз суурь нь бий билүү. Ийм бодитой бус мэдээлэл гаргаж, иргэд олон нийтийн тулгамдаад буй асуудал дээр улстөржиж, попордог, шийдвэр гаргуулах гэж гүйдэг энэ мэт асуудлыг Байнгын хороо дэмжихгүй хэмээн мэдэгдлээ.

Ажил хэрэгч, хэрэгжих боломжтой санал гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зүйлд зарцуулах ёстой гэдгийг Байнгын хорооны дарга онцгой анхааруулаад дутуу ирүүлсэн мэдээлэл тайлангуудаа гүйцээн ирүүлэх, цаашид хийх ажлын талаар мэдээлэл, ирэх онд хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө даруй ирүүлэхийг сануулсан юм.

Цаашид агаарын бохирдол, түүнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэндийн асуудлыг Байнгын хороо анхаарч ажиллахаас гадна уг асуудлаар тодорхой мэдээлэл салбарын яамдаас авах болно гэдгийг анхаарууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.