Монголын багш нарын VII их хурал өчигдөр эхэлж, багш нараас тодорхой асуудал, саналууд ирүүлжээ. Энэ дагуу Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, багш нарын асуудлаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргажээ. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Багш нарын VII их хурал өчигдөр эхэлсэн. Тус их хурлаар багш нараас гаргасан, өмнө нь багш нараас ирүүлсэн байсан саналуудыг нэгтгээд шийдвэрлэх шаардлагатай тодорхой асуудлуудыг хурдан шийдвэрлэ гэсэн Ерөнхий сайдын үүргийн дагуу Засгийн газар өнөөдөр хуралдлаа.

Засгийн газар өнөөдөр Багшийн хөгжлийг дэмжих арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Энэ тогтоолоор, багш нарын их хурлыг тогтмолжуулах зорилгоор 5 жилд нэг удаа зохион байгуулдаг болж байна. Багш нарын хамгийн их ярьдаг, тулгарч буй асуудал болох хичээл, практикийн үйл ажиллагааны зардлыг багш гаргадагийг шийдвэрлэхээр болж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг жирийн сургуулийн багш нарт урамшуулал олгохоор болж байна. Эдгээр асуудлыг 2019 оны 9 дүгээр сарын 1-нээс эцэслэн шийдвэрлэх үүрэг өглөө. 

Багш нарыг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх багцын үзлэгт хамруулах асуудлыг БСШУС-ын сайд, Эрүүл мэндийн сайд нарт мөн чиглэл болголоо. Дээд болон мэргэжлийн боловсролын багш нарын мэргэжил дээшлүүлэх төвийг байгуулахаар болж байна. "Цахим засаглал" үндэсний хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, ЕБС, мэргэжлийн боловсролын багш нарыг компьютержуулах асуудлыг хэлэлцлээ. Багш нарт компьютерын хэрэгцээ маш их байдаг. Үүнийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хүрээнд шийдвэрлэх чиглэл өглөө. Мөн багшийн ажлын нөхцөл хүнд байдаг учир багш нарын хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг 2019 онд багтааж хийх шаардлагатай гэсэн чиглэлүүдээр тогтоол гарлаа" хэмээн мэдэгдлээ.

Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газар багш нарын талаарх авах арга хэмжээний тухай дагнасан тогтоол гаргаж буй нь түүхэн шийдвэр боллоо гэдгийг онцлон хэллээ.