Монголын багш нарын 7 дугаар Их хурлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор 4 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд зохин байгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон тус яамны холбогдох мэргэжилтэн, багш нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр сайд Ё.Баатарбилэг "Багш нарын 6 дугаар Их хурал хамгийн сүүлд 1996 онд болж байсан. Үе үеийн их хурлаар тухайн үеийн боловсролын салбарын, ялангуяа багш нарын нийгэм, хөгжлийн асуудлыг тольдож байжээ. Энэ удаагийн хуралд багш нарын 800 орчим төлөөлөгч оролцоно. Бүх аймаг, сумаас төлөөлөл оролцох бөгөөд "Сайн багш, сайхан ирээдүй" уриаг дэвшүүлж байна. Багш нарын хөгжил, хөдөлмөрийн нөхцөл, ажлын ачаалал, ажиллах орчин, орон сууц, их дээд сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэлт зэрэг хэд хэдэн асуудлыг тодорхой сэдэв болгон 2 өдрийн турш хэлэлцэнэ" гэдгийг хэллээ. 

"Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр 6 нас хүрсэн хүүхдийг ямар нэгэн уралдаан шалгуургүйгээр нэгдүгээр ангид оруулах ёстой гэж үзэж, тушаал гаргасан. Сүүлийн жилүүдэд ялангуяа хувийн ЕБС-ууд нэгдүгээр ангид хүүхэд элсүүлж авахдаа 5-50 мянган төгрөгийн бүртгэлийн хураамж авдаг. Тэгээд шалгуур явуулж, цөөн хэдэн хүүхэд сонгож авч байна. Үлдсэн хүүхдүүд нь тус сургуульдаа орж чаддаггүй байх нэг талаараа бизнес явагдаж байна. Энэ асуудлыг цэгцлэхгүй бол яагаад 50-60 хүүхэд авахын тулд 1000 хүүхэд бүртгэдэг юм. Хоёрдугаарт, дөнгөж 6 настай, цэцэрлэгээс ирж буй хүүхэд юуны шалгалт өгөх ёстой юм. Эдгээрийг журамлах зорилгоор тушаал гаргасан. 

Мөн 6 нас хүрээгүй хүүхдийг нэгдүгээр ангид оруулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Хүмүүс янз бүрийн байр суурьтай байгаа байх. Гэхдээ хүүхдийг сурах ёстой насанд нь сурах ёстой агуулга, хөтөлбөрийн хүрээнд сургахыг хангаж ажилла гэж эрдэмтэд зөвлөж буй. Бага насны хүүхэд ачаалал ихтэйгээс өөртөө итгэх итгэлгүй, суралцах хүсэлгүй болж ядрах зэрэг сөрөг нөлөө гарч байна. Энэ бол эцэг эх, хүүхдийн аль алийг нь бодсон шийдвэр гэж үзэж байна.


Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.


Багш нарын 7 дугаар Их хуралд оролцогчдын 70 хувь нь багш нар, 30 хувь нь удирдах ажилтнууд байх аж.