Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны хогийг ачиж, тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг "Цүзүкү-Юмэ" ХХК-ийн ажлыг дүүргийн удирдлагууд нь таслан зогсоосон талаар тус компанийн ажилчид өнөөдөр мэдээллээ. Тус мэдээлэлтэй холбоотойгоор "Цүзүкү-Юмэ" ХХК-ийн захирал Ё.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай компани тус хорооны хогийг тээвэрлэх ажлыг хэдэн жил гүйцэтгэж байна вэ. Үүсээд буй асуудлын талаар бидэнд мэдээлэл өгөөч?

-16 дугаар хорооны айл өрх, аж ахуйн нэгж, талбайн хогийг ачиж, тээвэрлэх ажлыг бид 2013 оноос хойш идэвхтэй, чанартай гүйцэтгэсээр ирсэн.Тэр ч утгаараа 2013 онд нийслэлийн тэргүүний хороо, 2015 онд нийслэлийн үлгэр жишээ цэвэрч хороогоор шалгарсан. Гэтэл энэ оны тавдугаар сарын 31-нд манай компанийн үйл ажиллагааг зогсоож, тус хорооны хогийг ачих компани шалгаруулж авах тендер зарлалаа гэсэн утга бүхий албан бичгийг дүүргийн ЗДТГ-аас манай компанид ирүүлсэн. Үүний дараагаар Сүхбаатар дүүргийн Худалдан авах арилжааны газраас 4, 5, 7, 9, 16 дугаар хороодын айл өрх, аж ахуйн нэгжийн хогийг тээвэрлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан. Бид үүсээд буй асуудлаар холбогдох яам, хуулийн байгууллагуудад хандахад бүгд энэ асуудлыг хууль бус гэж үзэж тендер хүчингүйд тооцох бичиг хүргүүлсэн. Гэвч энэ сарын 26-наас эхлэн манай компанийн үйл ажиллагааг зогсоочихлоо.

-Ямар шалтгаанаар танай компанийн үйл ажиллагааг зогсоож, өөр компани шалгаруулж авах тендер зарласан юм бол. Энэ талаар танай дүүргийн удирдлагууд ямар тайлбар өгч байна вэ?

-Манай компани 16 дугаар хорооны хогийг ачиж, тээвэрлэдэг. Гэтэл 16 дугаар хорооны хогийг тээвэрлэх ажлыг 4, 5, 7, 9 дүгээр хороотой хамт нэг компанид хариуцуулж өгнө гэсэн үндэслэлээр манай компанийн үйл ажиллагааг зогсоосон. Тендерт оролцох бол аль нэг арилжааны банкиас 50 сая төгрөгийн зээлийн баталгаа гаргаж ир гэж байна. Бидэнд бэлэн гаргаад өгөх 50 сая төгрөг байхгүй. Үүнийг мэдсээр байж бидний ажлыг таслан зогсоож буй нь тендер нэрээр их хэмжээний мөнгө завших гэж буй үйлдэл гэж бид үзэж байна.

-Танай компанийн үйл ажиллагааг зогсоосон гэж байна. Тэгэхээр одоо тус хорооны хогийг ямар компани, аж ахуйн нэгж тээвэрлэж байна вэ?

-Одоо хогийг нь тээвэрлэхгүй, хөглөрөөд л байж байна. Гэтэл хогны асуудал маш эмзэг шүү дээ. Тухай бүрт нь тогтмол ачиж, хаяж байхгүй бол иргэд хогоо гудамж, жалганд ил задгай хаячихна. Түүнээс болж янз бүрийн халдварт өвчин үүсдэг. Үүнийг манай дүүрэг, хорооны удирдлагууд ерөөсөө тоохгүй байна. Нийслэлийн хоймор болох Сүхбаатар дүүргийн хог салхи гарахаар урд зүг буюу хотын төв рүү хийсчихдэг. Эдгээр асуудлыг харгалзаж үзэлгүйгээр тендер зарласан нэрээр хог ачих ажлыг зогсоож байгаа нь маш буруу үйлдэл. Дээрээс нь ажлаа чанартай хийж байсан бидний үйл ажиллагааг зогсоож ийм тендер зарлаж буй нь хууль бус шийдвэр юм.