Цагдаагийн “Сүлд” чуулгын бүжигчин, контемпорари бүжигчин , бүжиг дэглээч Ё.Дамчаабадгартай ярилцлаа.


-Та өөрийгөө товч танилцуулна уу. Анх бүжгийн урлагтай хэрхэн холбогдож байв ? 

- Намайг Ёондон овогтой Дамчаабадгар гэдэг. СУИС-ийг бүжиг дэглээч, найруулагч мэргэжлээр төгссөн. Одоо Цагдаагийн “Сүлд” чуулгад бүжиг дэглээчээр ажилладаг. МУСТА, цагдаагийн дэслэгч цолтой. 

Би Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрж өссөн. Аав ээжийнхээ отгон хүү. Багаасаа бүжигт дуртай байсан. 2006 оноос Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт МУГЖ Цэндийн Алтанцэцэг багшийнхаа удирдлаганд  бүжигчин болох эхлэлээ тавьсан.


-Таны санаачилсан “Дэлхийг тойрсон биелгээ” төслийн талаар ярилцъя. Яагаад энэ төслийг хэрэгжүүлэхээр болов?


- Оюутан болсноос хойш ардын сайхан урлагаа хэрхэн дэлхий нийтэд түгээх боломжтой вэ гэдэг талаар бодож эхэлсэн. Тэгээд бие биелгээгээ орчин үеийн бүжгийн урлагтай хослуулаад явбал зүгээр болов уу гэж бодсон. 

Гадныхан  тэр дундаа барууны орныхон Монголын соёл урлагийн талаар тэр бүр сайн  мэддэггүй. Өөрсдийн гэсэн ардын урлаг, гайхамшигтай бие биелгээтэй ард түмэн гэдгээ харуулъя гэдэг санаанаас анх арсан юм.


2018 онд ХБНГУ-д болсон орчин үеийн контенпорари бүжгийн дэглээчдийн уралдаанд явж байхдаа хамгийн анхны бичлэгээ хийсэн. Харамсалтай нь тухайн үедээ бичлэгээ цацаж чадалгүйгээр устгасан.

Жилийн дараа  БНСУ-д сурч байхдаа Дэлхийг тойрсон биелгээгээ эхлүүлж эхний контентоо цацсан юм. 

Одоогоор “Дэлхий тойрсон биелгээ” төсөл маань контент талдаа түлхүү ажиллаж байна. Мэдээж төсөл гэдэг бол ямар нэгэн санхүүгийн дэмжлэгтэй байх, хэзээ эхлээд хэзээ дуусах нь тодорхой байх ёстой шүү дээ. Цаашдаа бичлэгүүдээ үргэлжлүүлээд, соёлын яамны ч юмуу өөр төсөлд оролцуулж хэрэгжүүлэхийн төлөө зорьж байгаа. 


-Та энэ жил мэргэжлийн хувьд ямар  тэмцээнд оролцсон бэ?

- Саяхан хоёр жилд нэг удаа зохиогддог “Азийн ардын урлагийн наадам” болсон. Өмнөх тэмцээнд  манай “Сүлд” чуулга оролцоод эрэгтэй бүжигчид түрүүлж, дэлхийн аваргад оролцох эрхээ авч байсан юм. Энэ удаа онлайн хэлбэрээр боллоо. Би гоцлол бүжигчнээр оролцсон. Бүжиг, дуу, нугаралт гээд ардын бүх хэлбэрийг оролцуулж хамгийн шилдэг гурван үзүүлбэрийг шалгаруулдаг тэмцээн л дээ. “Азийн урлагийн их наадам”-ын гурван том шагналын нэг болох Хүрэл цомыг хүртсэн. 


-2018 онд та ОХУ-ын Кемерова хотноо зохиогдсон олон улсын бүжиг дэглээч, гоцлол бүжигчдийн уралдаанд тэргүүн байрыг эзэлсэн. Энэхүү тэмцээнд ялагч болсон тэр үеийнхээ мэдрэмжээс хуваалцвал? 

-Очиж оролцох ёстой байсан ч тэнд түймэр гарч Кемерова хотоос орох гарах хөдөлгөөнийг хаасан байсан учраас тэмцээн онлайнаар болсон. Энэ тэмцээнд би бүжиг дэглээч болоод комтемпорари бүжгийн төрөлд оролцож, өөрийнхөө дэглэсэн бүжгийн төрлөөр тэргүүн байр эзэлж байсан.

Хамгийн анхны Олон улсын орчин үеийн бүжгийн тэмцээнээс тэргүүн байрыг эзлэхдээ өөртөө итгэж чадаагүй. 

Яагаад гэвэл манай улсын хувьд контенпорари буюу модерн бүжгийн төрөл бусад орныг бодвол тийм ч өндөр хэмжээнд хүрээгүй, хөгжиж байгаа учраас өөртөө итгэлгүй байсан.


-Ер нь хэр хугацаанд бэлтгэл хийдэг вэ?

-Тэмцээн уралдаанд дан ганц хувийн нэр хүндээ гаргаж байгаа юм биш шүү дээ. 

Олон улсын тэмцээнд орох үед Дамчаабадгар гэж дуудуулахгүй, Монгол гэж дуудуулдаг болохоор маш хариуцлагатай байх хэрэгтэй. 

Өнөөдөр тэмцээнд орж дуусаад маргааш нь өөр тэмцээний бэлтгэлд орох үе ч бий. Тэгэхээр бэлтгэлээ тасалдуулах, алгасах өдөр гэж байхгүй. Хагас жил, жилийн турш ч тасралтгүй бэлтгэсэн үе олон бий.


- Аливаа томоохон уралдаанд оролцоход сэтгэлзүй их чухал байдаг гэж санагддаг. Таны хувьд сэтгэлзүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-  Миний бүжиглэж байгаа бүжгийг надаас өөр мэдрэмжээр, өөр хувилбараар бүжиж болох хэдий ч яг минийх шиг хувилбараар хэн ч хийж чадахгүй гэдэг зүйлийг л өөртөө итгүүлэхийг хичээдэг. Ер нь би сэтгэлзүйгээ бэлдэхдээ төв байдлаар миний өрсөлдөгч өөр хүн, би ч бас түүнээс өөр хүн гэдэг байдлаар төвлөрүүлдэг гэхүү дээ. 


Бүжгийн нэр: Хүн цэцэг.
Бүжгийг дэглэсэн Ё. Дамчаабадгар
Бүжигчин: О. Уянга
Зургийн нэр: Эр үндэс

-Та яагаад “Сүлд” чуулгад ажиллах болов?. Цагдаагийн алба магадгүй таны багын мөрөөдөл чинь байсан уу?


-Би багаасаа, оюутан болоод ч цагдаа болно гэж ерөөсөө бодож байгаагүй л дээ. Цагдаагийн “Сүлд” чуулгыг сонгох  шалтгаан нь энэ байгууллагын үүрэгтэй холбоотой.  Цагдаагийн алба хаагчид өдөр бүр л стресстэй орчинд ажилладаг шүү дээ. Стресстэй байдлаас ангижирч чадахгүй байгаа алба хаагчид эргээд ар гэртээ уцаарлах зүйлс гардаг. Бид ажил мэргэжлээс шалтгаалсан асуудал, бухимдлыг урлагаар тайтгаруулах зорилготой. Цаашлаад ард иргэдээ соён гэгээрүүлэх чиг үүрэг нь их таалагдаж байсан  болохоор цагдаагийн алба,  Сүлд чуулгыг сонгосон гэж болно. 


-Танд гадаад орнуудаас бүжгээрээ ажиллах хүсэлт ирж байсан уу. Цаашид олон улсад гарах төлөвлөгөө бий юу? 

-Хоёр жилийн өмнө Бразил, Германаас хамтарч ажиллах санал тавьж байсан. Тухайн үедээ би болоогүй ээ, Монголдоо хийх ажил байгаа учраас хамтарч ажиллаж чадахгүй нь гэж хариулсан. Харин одоо бол хийж байгаа зүйлс маань 50-60 хувьд хүрч, ахицтай яваа гэж бодох болсон тул гадагшаа явж ажиллах хүсэл бий.

-Бүжигчин болоход ямар чадвар хамгийн чухал хэрэгтэй гэж та боддог вэ ? 


- Одоо үед мэдрэмжтэй байхыг илүү чухалчилдаг болсон. Нөгөөтэйгүүр бүжиг бүжиглэхэд хүнээс тууштай байдал, чин сэтгэлээсээ байх, өөрийгөө болоод хичээллэж байгаа урлагаа хүндэтгэх сэтгэлтэй байх ёстой.  Заавал биеийн онцлогоос хамаарсан зүйл шаардахаа больсон. Харин мэргэжлийн бүжигчний хувьд тухайлбал, балетчин хүн  өндөр нуруутай, биерхүү байхыг, сунгалт сайтай байхыг шаарддаг зэрэг зүйлс бол бий. 


-Бүжгийн урлагт хайртай сонирхолтой, хичээллэхээр зорьж байгаа хүүхэд, залууст хандан зөвлөгөө өгөөч?

- Чин сэтгэлээсээ бүжигтээ дурлах хэрэгтэй. Би гэхэд  өөрийгөө бүжиггүйгээр төсөөлж чадахгүй. Заримдаа шөнө бүжгээ зүүдлээд хонох ч бий. /инээв/ Бүжгийн урлаг бол баяр баяслын хамгийн том хэлбэр. Тэгэхээр бүжгээр хичээллэж байгаа хүүхдүүд маань уралдаан тэмцээнд оролцож, шагнал авахаас илүү багаараа байж бусдыг хайрлаж бие биенээ хүндлэх хэрэгтэй. Мөн бүжгээр хичээллэж эхлэхдээ том зорилго тавиарай гэж зөвлөе. Бүжгийг хобби болгоод тууштай зорилготой байж, гол мөн чанарыг нь ойлгох хэрэгтэй шүү.


Ярилцсан: Ч.Бямбахажид