Наро Банчэн хувилгааны VII дугаар хойд гэгддэг Наро Банчэн Данзанлхүндүв өөрийн фэйсбүүк хуудастаа бурханы шашин төдийгүй нийгмийн ёс суртахууны сэдвээр сонирхолтой мэдээлэл хүргэдэг юм.

Тэрбээр ёс суртахууны талаар ийнхүү бичжээ. "Буддизм бол сүсэг бишрэл төдий бус юмсын мөн чанарыг учир шалтгаан, нарийн логик шинжлэлийн үүднээс таньж мэддэгээрээ шинжлэх ухаантай ижил.
Хүн төрөлхтөнтэй зэрэгцэн оршдог ч хүмүүсийн мэддэггүй байсан гадаад зүй тогтлыг шинжлэх ухааны судалгаа шинжилгээгээр нээн илрүүлдэг шиг Буддизмийг судалснаар  дотоод сэтгэлийнхээ зүй тогтлыг нээн илрүүлэх боломжтой.

Бидний өмнө тулгамдаад буй авилгал, шудрага бус байдал тэргүүтэй ёс суртахууны доройтол нь зөвхөн амин хувиа бодсон үзлээс гарч байгаа нь илэрхий байна.
Үүнийг засахын тулд дан ганц ухаалаг тархитай байгаад хангалтгүй. Ёс суртахуун, сайхан сэтгэл хэрэгтэй. Тиймээс бид боловсролын системд ёс суртахуунтай, сайхан сэтгэлтэй байхын ашиг тусыг учир шалтгааны үүднээс тайлбарлан ойлгуулдаг сургалтын арга барилыг нэвтрүүлэхгүй л бол өнөөгийн энэ асуудал ирээдүйд ч байсаар байна.
Хүүхдэд багаас нь ёс суртахуун, сайхан сэтгэлийн ач тусыг учир шалтгааны үүднээс зөв тайлбарлан ойлгуулвал тэдний сэтгэл оюунд ёс суртахуун аяндаа бүрэлдэн тогтож, зөв бурууг ялган шийдвэр гаргаж чаддаг, бусдыг хайрлаж хүндлэдэг бие хүн болж төлөвших боломжтой болно."