...Энэ бол ердийн утгаараа ном биш. Огт биш! Энэ бол сунжруу доромжлол, Урлагийн ѳѳдѳѳс нулимсан шүлс, Бурхан, Хүн, Хувь заяа, Цаг хугацаа, Хайр, Гоо сайхан...гээд аль таарсныхаа бѳгсѳнд ѳгсѳн амбаар.Таныг амсхийх зуурт би дуулья, бузар хүүрэн дээр чинь бүжиглэе...Хэнри Мэллир номоо ѳѳрѳѳ ингэж тодорхойлсон байдаг юм. 

"Энэ бол эрээ цээргүй, шалиг завхай, амттай роман" гэж хавтсан дээрээ бичээстэй хар ном намайг жинхэнээсээ тайтгаруулж чаддаг юм. Ѳөрийгѳѳ голж чамлаж, ѳѳрийгѳѳ дорд үзэх гутранги үзэл, сэтгэлийн доройтлоос  Миллерийн энэ завхай ном намайг суга татан гаргадаг юм. Амьдрал учир утгагүй санагдсан үед хар номоо эргүүлж тойруулж суухад аяндаа нэг мэдэхэд сайхан тайвширчихсан байдаг юм. Нэг ёсондоо ховсонд ордог гэсэн үг л дээ.  Ажилгүй, орлогогүй, хурааж хуримтлуулсан ѳмч хѳрѳнгѳгүй, орон гэргүй тэнүүлч, завхай Миллер " Би энэ хорвоогийн хамгийн жаргалтай хүн" өөрийгөө гэж тунхагласан байдаг. Гэтэл түүний номыг уншигч бээр хэчнээн азгүй дорд нэгэн байсан ч сэргээд л ирнэ. Авьяас билиг танхай зохиолч хүн орох оронгүй, татах тамхигүй, ходоод нь хоржигнож, шүлсээ залгиж явахад мань мэтийн өчүүхэн бэрхшээл, ялархуу зан бол яршиг л байна. Янхан хүүхэн, янаг амрагуудаа бээлий шиг сольдог Миллерийн номонд ямар ч худал хуурмаг байдаггүй, чин сэтгэлийн үгс урсдаг болохоор л тэр. 

Ердийн утгаар нь уншвал завхай зайдан, порнограф маягийн л юм. Үг хэллэг, дүрслэл нь цочирдуулна, солиотой садар хог вэ гэж бодно. Харин хэд хэд тулхтай уншсаны дараа энэ чинь хар тамхи шиг донтуулах  эд байна гэж ѳѳрийн эрхгүй уулга алдана. Хүний анхаарал татах гэсэн сексийн хуурамч түүхүүд биш харин жинхэнэ уран зохиолын мѳн чанартай эд юмаа гэсэн бодол тѳрнѳ.  " Цаг хугацааны мэлхий биднийг идсээр байна. Бид үхлийн шорон руу хѳл нийлүүлэн алхаж байна.Оргож босох аргагүй" гэж тэр бичсэн юм. Бүхнийг залгих цаг хугацааны мэлхийний дэргэд бид юусан билээ. Урлагийн мөн чанар, гоо зүйн хил хязгаарыг эвдсэн садар завхай эд гэсэн юм биз дээ. Хэчнээн ад үзэгдэж, хавчигдаж байсан ч "Мэлхийн зам" роман оюун санааны үнэт бүтээлд тооцогдох болжээ.  Энэ номын тухай би нэг тэмдэглэл бичсэн ухаантай. Тэр бол зүгээр шүлс хаях тѳдий. Мэддэг, мэдэрдэг, чаддаг юм бол хэчнээн арван эсээ бичсэн ч болно. Яг тийм гээд тайлбарлах аргагүй байдаг нь урлагийн жинхэнэ мѳн чанар байх. Тэгвэл "Мэлхийн зам" яг ийм агуулгатай гээд хэлчих гэхээр оюуны бяд хүрэхгүй нь. Зүгээр нэг сонин нь надад алдарт Үлисс романыг л их санагдуулсан, бичил хувилбар нь ч  юм шиг бичлэгийн өнгө аяс, хэв маяг нь тиймэрхүү төстэй. Манай модернист яруу найрагч  Б.Галсансүх хүүрнэл зохиолч байсан бол яг л ингэж бичнэ дээ гэж бодогдсон. Юунд ч үл хоригдох задгай сэтгэлгээ, авьяасын дур тавилт гэж энэ юм уу даа.