Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ил задгай худалдаалж байгаа сүүнд шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр фторхинолин хэмээх антибиотикт 55 хувийн тэсвэртэй бактери илэрчээ. Энэ төрлийн бактер илэрсэн сүүний ихэнх нь сүүний үйлдвэрүүдийн шинжилгээгээр антибиотик, вакцины тун өндөр илэрч гологдсон байжээ. Харин малчид үйлдвэрт өгч чадаагүй сүүгээ хотын ойролцоо зах дэлгүүрээр ил задгайгаар худалдаалж байсныг илрүүлсэн нь энэ аж.

Энэ төрлийн антибиотикт тэсвэртэй сүүг хэрэглэснээр хүний бие организм эмэнд дасалтай болдог байна. Цаашлаад хүний биенд байх ёстой ашигтай бичил бактер устан дархлаа буурч, харшил багтраа зэрэг амьсгалын замын өвчин үүсгэх нөхцөл болдог талаар мэргэжлийн байгууллагууд зөвлөжээ. Манай улс одоогоор 24 нэр төрлийн бүртгэлтэй антибиотикийг малд хэрэглэж байна.

Сүүнээс хүнд халдах найман өвчин бий

Манай улсад малаас хүнд халдварладаг сүрьеэ, шүлхий , бруцеллёз, гэдэсний халдварт өвчин зэрэг 30 гаруй өвчин бүртгэгдсэн байдаг. Харин түүхий сүүнээс хүнд халдах найман төрлийн өвчин бий. Эдгээрээс хамгийн түгээмэл нь бруцеллёз юм. ХӨСҮТ-ийн мэдээгээр манай улсад жилд 400-500 хүн бруцеллёзийн халдвар авдаг бөгөөд энэ төрлийн тархалтаараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг байна. Өвчлөгсдийн 83 % малчин, мал  аж ахуйн мэргэжилтэн, малчдын хүүхдүүд ажээ.