Зайсангийн аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажил газрын маргаанаас болж зогсоод байна. Энэхүү ажлын явц 65 хувьтай явж байгаа ч машины зогсоол барих талбайн 1,1 га газрыг эзэмшигч “Энигма” өөрийн харъяа Монголын Үндэсний их сургуулийн оюутнуудтай хамтран жагсаал цуглаан хийж тус ажлыг зогсоожээ.

“Энигма” ХХК нь  охин компаниудын хамт Богд хан уулын амны 45 га газрыг таван жилийн хугацаатай ашиглалтын гэрчилгээгээр  эзэмшдэг юм байна. Хуулиараа түр эзэмшиж байгаа энэ газрыг засагт өөртөө эргүүлэн авч, нийтийн эзэмшлийн авто зогсоол барих шийдвэр гаргасан юм. Үүнээс хойш тус компанид Засгийн газрын тогтоол, Байгаль орчин Аялал жуулчлалын сайдын тушаал, НИТХ-ын тогтоол, Шүүхийн шийдвэр хүргүүлжээ. Гэсэн хэдий ч “Энигма” шийдвэрийг эсэргүүцсээр газраа чөлөөлөлгүй өдийг хүрчээ. 

НЗДТГ, БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй Зайсангийн аялал жуулчлалын цогцолбор баригдсанаар нийслэлийн иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх тав тухтай газар нэгээр нэмэгдэх юм. Энэ ажлын хүрээнд 264 авто машины зогсоол, 60 дугуйны зогсоол байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ.