Өнгөрсөн долоо хоногт эрх баригч намынхан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэхүү хуульд Захиргааны шүүхийн хяналтаас Засгийн газар, түүний харьяа байгууллагууд болон орон нутгийн байгууллагыг гаргах заалт орсон нь нийгмийн зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ.


Өнөөдөр уг асуудал дээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан байр сууриа илэрхийлсэн юм. Араасаа олон асуудал дагуулж буй энэ өөрчлөлт цөөн хэдхэн дарга нарт үйлчилсэн, тэдний эрх ашгийг хамгаалсан хэмээн тэрбээр үзэж байгаа юм. Мөн “ Миний бие өнгөрсөн долоо хоногийн турш Захиргааны эрхзүй болон Үндсэн хуулийн эрхзүйгээр мэргэшсэн, Монголын өмнөө барьдаг хуульчидтай энэ асуудлаар ярилцаж, санал солилцсон. Хэлэлцүүлгийн явцад төслийг энэ хэвээр нь батлуулахгүйн төлөө би хуульчид болон хүний эрхийн төлөө тэмцэгчидтэйгээ хамт зүтгэх болно. Учир нь энэ бол ардчилалаас ухарсан алхам. Хүний эрхийг уландаа гишгэсэн, үл ойшоож байгаагаас ялгаагүй. Энэ нь Засгийн газар болон харьяа байгууллагуудыг дураараа авирлах боломжийг хуульчилж өгөх гэж байна хэмээн хардаж байгаа” гэдгийг ч хэллээ. 

“Захиргааны ерөнхий хууль”-ийн түүхийг сөхвөл Монгол Улсын Их Хурлаас 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр баталж, 2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт болон түүний тайлбар, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг өөрчлөх хуулийн төсөл боловсруулсныг Хууль зүй, дотоод хэргийн яам албан ёсны цахим хуудсандаа  (https://mojha.gov.mn/Bolovsruulj-bui-tusul.html) олон нийтээр хэлэлцүүлэхээр нийтэлсэн байдаг.

Тус хуулийн төсөлтэй холбогдуулан Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нэмэлт өөрчлөлтийн эргэн тойронд” хэлэлцүүлгийг 2018 оны зургадугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан. Уг хэлэлцүүлгээс гарсан хуульчдын саналыг нэгтгэж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд байгаа билээ.Тэгвэл өнөөдөр эхэлсэн Хуулчьдийн форумын үеэр хамгийн анхаарал татан яригдсан асуудал бол захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийн асуудал байлаа.

Хуульчид уг хуулийн төслийн өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байгааг сонслоо.

Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжвэл Засгийн газрыг хэн ч шүүж чадахгүй

Б.Ган-Очир Хуульч:  Эрх баригчид  тэр дундаа засгийн газар хүч түрэн энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжвэл засгийн газрыг хэн ч шүүж чадахгүй. Тэд дураараа авирлах замаа засчихаж  байгаа учраас. Өөрөөр хэлбэл  албан тушаалын наймааг хэн дуртай нь хийж, төрийн албанд хэн мөнгөтэй нь суух болно. Харин үүнийг хэн нэгэн хүн, хуулийн этгээд  гомдол гаргаж шүүж шүүмжилж чадахгүй, тийм эрхгүй болно. 

Үндсэн хуулийг өөрчлөөгүй байгаа цагт ийм хуулийн төслийг оруулах боломжгүй

Д.Оросоо Хуульч:  Засгийн газар шүүхийн хяналтаас гарна гэдэг бол өөрөө үндсэн хуулийн зөрчлийг агуулж байгаа . Нэг талаасаа Монгол улсын иргэд хууль, шүүхээр эрх мэдлээ хамгаалуулах эрхтэй. Засгийн газар түүний харьяа агентлагуудын гаргасан хууль бус шийдвэрийн улмаас иргэд шүүхэд хандах эрх нь үндсэн хуулиар нээлттэй байгаад байдаг. Гэтэл үндсэн хуулийг өөрчлөөгүй байгаа тохиолдолд ийм хуулийн төслийг оруулах боломж байхгүй. Монгол улсын иргэн улс төрийн шийдвэрийн улмаас эрх нь зөрчигдөх юм бол шүүхэд хандах эрхгүй болох гээд байна гэсэн үг. Засгийн газар ерөөсөө захиргааны шийдвэр гаргахгүй улс төрийн шийдвэр гаргана гэдэг ийм л утга агуулсан өөрчлөлт оруулж байна. Нэг есөндөө засгийн газрын шийдвэртэй хэн ч маргалдах эрхгүй болох гэж байна