УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн 52.6 хувийн саналаар баталлаа.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулж, гишүүдийн асуултад хариулсан юм.

Тэрээр "Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хамааруулахаар хэт өргөн хүрээтэй асуудлыг оруулсан байсан. Тиймээс төр, иргэний тэнцвэртэй байдлыг алдагдуулахгүй байх үүднээс асуудлын хүрээг хумьж, зөвхөн хоёр тохиолдолд хамаарах Засгийн газрын шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй байхаар гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн. 

Энэ нь нэг талаар 2005 оны Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг бодит ажил хэрэг болгох, нөгөө талаар гүйцэтгэх засаглалд төрийн бодлогын үндсэн дээр чиглэл өгсөн УИХ-ын шийдвэрийг цогцоор нь хэрэгжүүлэх боломж олгоход чиглэж байгаа юм" хэмээлээ.

Тиймээс УИХ-аас гаргасан улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр, УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор, тэдгээрийг хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагаа зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй байхаар хуулийн төслийн зохих заалтыг өөрчлөн найруулахаар тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.