Эрүүл мэнд яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран нийслэлийн зургаан дүүрэгт ЭМД-аар хөнгөлөлттэй эмээр үйлчилж буй эмийн сан, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын жор бичилтийн стандартыг шалгажээ.

Энэ удаагийн хяналт, үнэлгээнд 60 орчим эмийн сан хамрагдсан байна. Шалгалтаар иргэд өрхийн эмнэлэг дээр өөрсдөө очихгүйгээр танил, ах дүүгээ явуулж эм бичүүлдэг зөрчил илэрчээ. Үүнийг хянахын тулд цаашид эмчийн жорыг цахимжуулахаар болсон байна.

Ингэснээр тухайн иргэн хаана, хэзээ, ямар өрхийн эмчид, ямар оноштой, ямар эм бичүүлснийг хянах боломжтой болох юм. Мөн манай иргэд өндөр үнэтэй эмийг ихээр аваад замбараагүй хэрэглэж байна. Тиймээс хөнгөлөлттэй олгодог эмийн нэр төрлийг нь цөөлөх ажлыг удахгүй хийнэ гэдгийг ЭМД-ын бодлогын хэрэгжилтийн газрын тусламж үйлчилгээний чанарын хэлтсийн дарга Б.Баярболд хэллээ. 

Өнөөдрийн байдлаар хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад 1000 төрлийн эм багтжээ. Ирэх онд хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг шинэчлэх ажлын хэсэг байгуулахаар болсон гэдгийг албаны хүмүүс хэллээ.