Нийслэлийн Засаг дарга С.Батболд тэргүүтэй нийслэлийн удирдлагууд Хот тохижилтын газрын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай өнөөдөр танилцлаа. 

Хот тохижилтын газрын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсаны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотод хүйтний улирал долоон сар үргэлжилдэг. Тийм учраас хот, нийтийн аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажил бол зайлшгүй чухал зүйл. Өнгөрсөн жил хот тохижилтын газрын парк шинэчлэлд нэлээд ахиц гарсан. Засгийн газраас зохих дэмжлэг үзүүлсэн. Мөн хотын өөрийн хөрөнгөөр техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн байгаа.

Хотод жил тутамд шинээр олон зам, талбай ашиглалтад орж, хот өргөжиж байна. Гэтэл нийтийн аж ахуйн зардал өсөхгүй, цэвэрлэгээний давтамж нэмэгдээгүй. Бид энэ асуудлыг НИТХ-д оруулж шийдүүлнэ. Цэвэрлэх давтамж нэмэгдэх юм бол хотын цэвэр цэмцгэр, үзэмжтэй байдалд нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Өнөөдөр яваад үзэхэд хувийн хэвшлийн болон орон нутгийн өмчит бүх компани өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж бэлэн болсон гэж хэлж болохоор байна” хэмээн дүгнэн ярьсан юм.

Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Өнөөдрийн байдлаар Хот тохижилтын газарт 740 тонн бодис байна. Нэмээд 420 тонн бодис ирж байгаа. Ингээд 1170 тонн бодис худалдан аваад байна. Машин, техник болоод авто гарааш бэлэн байдлыг бүрэн хангасан” хэмээн танилцуулж байлаа.

“Хот тохижилтын газрын Авто баазын хувьд өвлийн бэлтгэл бүрэн хангагдсан. Машин техникийн туслах үйлчилгээ энэ сарын 15-наас эхлэн хийгдээд явна. Цас орсны дараа зам цэвэрлэхээр бэлтгэсэн 23 машин, цас ачих задгай тэвштэй 11 машин, бодис цацах болон бусад машин механизмууд хангалттай байгаа. Нийтдээ 87 машин, механизм бэлэн байдалд ажиллаж байна. Энэ жил цасны зориулалттай есөн машин нэмж авсан” хэмээн Хот тохижилтын газрын Авто баазын дарга Г.Эрдэнэбаатар ярилаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан эх үүсвэр, инженерийн хангамжийн байгууллагууд, харьяа байгууллага, зам талбай, хот тохижилтын газрын өвөлжилтийн бэлтгэл нийлбэр дүнгээрээ 97 хувьтай байна. Хот тохижилтын хувьд гэвэл 93 хувьтай. Гол нь дүүргүүдэд зам талбайн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлсэн давс, тусгай зориулалтын бодисыг нөхөн авах ажил төсвийн тодотголтой уялдаад удаашралтай байгаа. Гэхдээ бид байгаа нөхцөл бололцоондоо тулгуурлан энэ жил халтиргаа гулгааны үеэр хүндрэл гаргахгүй ажиллах бүрэн боломжтой” хэмээн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.