Хэдхэн хоногийн өмнө гарсан “Forbes” сэтгүүлийн дэлхийн баячуудын жагсаалтын дөрөвт 81 настай Амансио Ортега  орсон билээ. Хөрөнгө чинээгээрээ арабын шейхүүдийг ардаа орхисон энэ эрхэм өмнө нь тэр дөрвөн ч удаа дэлхийн баяуудын жагсаалтыг тэргүүлж байсан удаатай. 

Амансио Ортега гэж хэн бэ?

Тэр зүс царайгаараа танил биш ч "Zara" брэндийг нь дэлхий мэднэ. Өдгөө 81 настай Амансио Ортегагийн хөрөнгө зах зээл дээр 71.3 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Түүний намтар тун энгийн. Испанийн Леон хотод ядруухан амьдралтай төмөр замчин аав, үйлчлэгч ээжийн дөрөв дэх хүү болон мэндэлсэн жаал хар багаасаа л дайны хатуу хөтүүг мэдэрч өсчээ. Амьдралдаа нэмэр болохын тулд 13 настайгаасаа дэлгүүрт ажиллаж цамц зарж эхэлсэн гэдэг. 15 насандаа сургуулиа хаяж хувцасны дэлгүүрт худалдагчаар оржээ. 20-тойдоо эгч нартайгаа нийлэн зөөлөн халат үйлдвэрлэж эхэлсэн байна. Тэр үедээ анхны эхнэртэйгээ танилцаж, брэндийнхээ үйлдвэрлэлийн суурийг тавьсан юм. Үүнээс есөн жилийн дараа эхнэрийнхээ зөвлөснөөр дотуур хувцасны зах зээлд хүч үзэхээр шийдэж, анхны фирмээ нээж байж. Мэдээж жижиг цехийг олноор нь ажиллуулж байлаа. Ингээд л хэдхэн жилийн дотор бизнесийн ертөнцөд танигдаж чаджээ. 

"Zara"-гийн дэлгүүрээ нээсэн нь

Амансио Ортега нь анхны "Zara" дэлгүүрээ 1975 онд Испанийн Корунагын төв гудамжинд нээжээ. Тус дэлгүүр нь маш амжилттай борлуулалт хийж эхэлснээр Zara-ийн амжилт болон фирм нь томрох, нэмэлт салбар дэлгүүрүүдээ нээх эхлэл болсон байна.

Хувийн амьдралын тухайд хоёр дахь хүүхэд нь тархины саажилттай төрсөн нь түүнд хүнд цохилт болов. Угаас бүрэг дуугүй  Амансио Ортегаг энэ явдал улам ч дотогшоо болгожээ. Тэр энэ төрлийн өвчтэй хүмүүст туслах санг өөрийн нэрээрээ нэрлэсэн бөгөөд их хэмжээний мөнгө хандивладаг. Эхнэр нь өвчтэй хүүгээ асарч ажил бизнестээ туслаж амжихаа болих хойгуур нарийн бичиг бүсгүйтэйгээ учир ургуулж хоёр дахь амьдралаа эхлүүлжээ. Тэд Марта хэмээх охинтой болсон юм. Марта өдгөө "Zara"-г залгамжлах хатагтай хэмээн зарлагдаад буй. Ажилтнууд нь сүлжээ дэлгүүрийн хайрцаг сав өрдөг байсан охин эзэн нь байсныг бүр хожим мэдсэн гэдэг.

Өв залгамжлагч охин Мартагийн хамт

Өдгөө дунджаас дээгүүр орлоготнуудын хэрэглээ гэсэн имижийг бүрдүүлж чадсан Zara, Massimo Datti, Ciddis Class зэрэг арав гаруй брэндийг тэр атгаж байна. Дээдсийн хүлээн авалтад хэзээ  ч очдоггүй, сүүлийн 30 жил амралтаа аваагүй гээд түүний тухай домог шиг яриа хөвөрдөг. Гэсэн хэдий ч ажилтнуудтайгаа өдрийн хоолонд орж, таксигаар үйлчлүүлж, нэг л кофе шопоор үйлчлүүлсээр байгаа тэрбумтан. Түүнтэй уулзах гэж ирсэн хүн энгийн ажилчинтай нь андуурах нь байдаг л зүйл. Яагаад гэвэл тэр тусдаа өрөөнд биш загвар зохион бүтээгчдийнхээ өрөөнд суудаг.

Өнөөдөр түүний байгуулсан Inditex корпорацийн бөөний сүлжээ дэлгүүр дэлхийн 88 оронд 7000 гаруй салбартай болжээ. Өнгөрсөн онд худалдааны жилийн эргэлт 20 тэрбум ам.долларт эргэлдэж байна.