Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн лхагва гарагт хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргасан байна.

Хуралдаанаар 2015 оны хоёрдугаар хагасаас хойш санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан ирүүлээгүй, газар дээрх үзлэг шалгалтад хамрагдалгүй зайлсхийсэн, шаардлага хангахгүй тул гишүүнчлэлээс хасах саналыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-аас ирүүлсэн болон түдгэлзүүлсэн хугацаанд зөрчил дутагдлуудаа арилгаагүй “Догсон ҮЦК” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх /брокер, дилер/ тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

Мөн Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө Хорооноос 2015 оны нэгдүгээр сард авснаасаа хойш огт үйл ажиллагаа явуулаагүй “Ховд бирж ХААБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн хуралдаанаар зарим Хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, нэг хоршооныхыг түдгэлзүүлжээ. 

Шинээр байгуулагдаж буй 2.5 тэрбумын төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгийн босго шаардлагыг хангасан нэг аж ахуйн нэгжид банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, мөнхүү зохих үзүүлэлтийг хангасан нэг ББСБ-д санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж өгсний зэрэгцээ бас нэг компанид даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна.