Монголын Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Засгийн газрын 382 дугаар тогтоолтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр тэд "Боловсролын салбарт ажиллагсад ажлын онцлогоосоо болоод илүү цагаар ажилладаг. Илүү цагаар ажилладаг хөлсийг Засгийн газрын 382 дугаар тогтоолоор хязгаарласан. Өөрөөр хэлбэл, илүү цагаар ажилласны хөлсийг олгохгүй байх зохицуулалтыг хийсэн.

Боловсролын салбарт ажиллагсад илүү цагаар ажиллах шаардлага заавал гардаг. Тухайлбал, ердийн цэцэрлэг өдөрт 10 цаг ажилладаг. Ажил эрхэлж буй хүмүүс өглөө ажилдаа явахаасөө 30 минутын өмнө хүүхдээ өгдөг, тараад 30 минутын дараа очиж авдаг. Дээрээс нь цэцэрлэгийн багш нар хүүхдийг тасралтгүй харж байх шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ хариуцлагатай ажлыг цаг наргүй хийдэг хүмүүст цалин хөлсийг нь олгохгүй байх явдал гарч байна. 

Дээрх тогтоолын дагуу 300 орчим мянган төгрөг цалингаас нь хасагдахаар болж байна. Тиймээс Засгийн газар яаралтай Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай зөвшилцөж, Засгийн газрын 382 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай. Үүнийг бид шаардаж байна.

Засгийн газар аливаа шийдвэр гаргахдаа Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай зөвшилцөхгүй байгаагаас нийгэмд сөрөг үр дагавруудыг бий болгож байна. Тухайлбал, цалин нэмсэн гэж хэлдэг. Үүнийхээ оронд нэмэгдэл, урамшууллын аль нэгийг нь хасдаг. Тэгэхээр үндсэндээ гар дээр авч буй мөнгөн дүн нь хэвээр байдаг" хэмээн мэдэгдлээ.

Тус хэвлэлийн хуралд оролцогчид "Илүү цагийн нэмэгдэл хөлс олгохгүй бол цэцэрлэгийн багш ажилчдыг 09.00 цагт ажилдаа ирж, 17.000 цагт тардаг болго", "Гар дээр авч байгаа цалин нэмэгдсэнгүй, Засгийн газар цалин нэмсэн үү", "Төрийн сан эрх мэдлээ хэтрүүлэхээ зогсоо", "Засгийн газрын 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болго", "Шийдвэр гаргагчид гэрээ хэлэлцээ, хуульд нийцүүлэн шийдвэр гарга" зэрэг үгтэй лоозон барьжээ.