Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, энэ сарын 10-25-ныг хүртэлх хугацаанд хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт оруулсан.

Уг асуудлаар үргэлжлүүлэн Засгийн газар шуурхай хуралдаж, дээрх хугацаанд хатуу хөл хорио тогтоохыг дэмжлээ. 

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахлыг даван туулах цор ганц арга нь вакцижуулалт. Тиймээс бид 4, 5 дугаар сард вакцинжуулалтыг идэвхтэй өрнүүлэхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар нийт 526.523 хүнийг вакцинжуулсан. Энэ нь зайлшгүй хамрагдах иргэдийн 26 хувь юм. Энэ ажлыг 7 дугаар сарын 01-н гэхэд дуусгана.

Вакциныг хэзээ татан авах нь тодорхой болсон. Иймд вакцинжуулалтаа чанартай болгохын тулд, цар тахлын тохиолдлыг багасгахын тулд 4 дүгээр сарын 10-наас 25-ны хооронд буюу нийт 15 хоногийн хугацаанд гамшгаас хамгаалах Улаан түвшинд шилжихээр шийдвэрлэлээ.

Хөл хорио тогтоохгүй байхын тулд Засгийн газар бүхий л нөөц боломжоо шавхаж, хувийн хэвшлээ дэмжиж, эдийн засгаа сэргээхийн төлөө ажилласан. Хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоож, эдийн засаг сэргэж эхэлсэн. Энэ таатай үр дүнгээ хатуу хөл хорионы үед алдахгүйг хичээнэ. Энэ хөл хорио сүүлийнх байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна" хэмээлээ.

Хатуу хөл хорио тогтоохгүй бол 04 дүгээр сарын дунд үед өдөрт 1000 хүн халдварт өртөж, 20 гаруй хүн нас барна гэсэн тооцооллыг тархвар судлаачид гаргасан байна. 

Дээрх хугацаанд иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах, хязгаарлалттай тоо /нэг дор таваас ихгүй хүн/-гоор агаар салхинд гарах нь нээлттэй. 

Нийтийн тээвэр цагийн хязгаарлалттайгаар зөвшөөрөгдсөн салбарынханд үйлчлэх бөгөөд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Иргэд амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих зэргээр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж байхыг Засгийн газар уриаллаа.