Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй зэрэгцэн зээлийн хүүний дээд хязгаарыг тогтоож өгөх тухай асуудал хөндөгдөж эхэллээ. Өнөөдөр гэхэд Монголын Арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү аравдугаар сарын эцсийн байдлаар 19.9 хувь байна. Энэ бол зах зээл дээр олгогдож байгаа зээлийн хүүний дундаж үзүүлэлт. Үүнээс өндөр эсвэл бага хүүтэй зээл ч бий. Гэхдээ л дэлхийд зээлийн хүү нь дээгүүр орнуудын дунд толгой цохиж явааг нь Монгол банк ч хүлээн зөвшөөрчихсөн.

Энэ асуудлыг дагаж нэг талаараа хэт улс төржсөн мэдэгдлүүд, нөгөө талаас өндөр хүүнд эгдүүцсэн иргэдийн дуу хоолой нэмэгдсээр байна. Бодит байдал дээр зээлийн хүү гэгчийг буулгах шаардлагатайг бүх талууд хүлээн зөвшөөрч буй. Гэсэн хэдий ч зах зээлийн аргаар уу, захиргаадалтын аргаар уу гэдэг асуудал дээр санал зөрөөтэй хэвээр. Тиймээс бид зээлийн хүү буулгаж байсан зарим орнуудын жишээг татаж сонирхуулахаар шийдлээ. 

2014 онд зээлийн хүүг хүчээр буулгах нь зөв эсэх дээр зээлийн хүүгийн таазыг тогтоосон дэлхийн 76 орны эдийн засагт шинжилгээ хийж үзсэн байдаг. Ингэхдээ энэхүү гурван шалтгаанаар зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон юм.

-Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоож, тодорхой хэмжээгээр барьсан

-Мөнгө хүүлэлтийг зогсоох зорилгоор зээлийн хүүг санхүүгийн зах зээл нь тогтоосон

-Зээлийн хүүг хуулиар зааж өгөөгүй ч банкны үйл ажиллагаанд нь зээлийн хүүгийн таазыг зааж өгсөн

Эдгээр шалтгаанаар зээлийн хүүг чангалсан эдгээр орнуудын судалгаанаас үзэхэд хүүний дээд хязгаарыг тогтоох арга хэмжээ нь ихэнх тохиолдолд хүүгийн түвшин буурахад урт хугацаанд үр дүн нь тааруухан үнэлгээтэй гарчээ. Харин ч хүүг хуульчилах нь санхүүгийн зах зээлд уршиг учруулж мэдэх талууд ажиглагдсан гэдгийг шинжээчид бичжээ.

Тухайлбал Никарагуа улс 2001 онд зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчилж  өгчээ. Тухайн үед жижиг дунд бизнес эрхлэгчдийн зээл 30 хувийг эзэлж байв. Гэтэл хууль хэрэгжүүлж эхэлснээс болж микро зээл 2 хувь хүртэл буурч орхиж. Шалтгаан нь нэгэнт хуульчилаад өгчихсөн учраас хүүг нь буулгах гэхээр банкууд алдагдал хүлээх нь дэндүү ойлгомжтой учраас том зээлийн араас хөөцөлдөж эхэлсэн хэрэг. Үүнээс болж Никарагуа улсын банкууд орон нутгийн салбараа ч буулгаж эхэлсэн байна. 

Япон улсад 10 жилийн өмнө зээлийн хүүгийн дээд хязгаарыг 29 хувиас буулгаж 20 хувь болгожээ. Мөн л үр дүнд нь зээлийн нийлүүлэлт багасч, банкуудын зээлийн өргөдөл хүлээж авах нөхцөл нь чангарчээ. Тэр ч байтугай энэ нь эргээд банкны системээс гадуурх зээлжилт ихэсч, мөнгө хүүлэлтийг дэмжсэн бодлого болон хувирч якуза нарын бүлэглэлийн бизнесийг цэцэглүүлсэн гэдэг. 

Хятад улс ялгаагүй төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас холимог эдийн засаг руу шилжих бодлогоо хэрэгжүүлэхэдээ 2013 он хүртэл зээлийн хүүгийн таазыг барьж ирсэн юм. Гэтэл үүнийг дагаад сүүдрийн “банкууд” хүчээ авч авлигал ихэссэн учраас энэ бодлогыг эргэж харах болсон гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн байдаг. 

Үүнээс үзэхэд зарим улс төрчдийн популизмийн хойно санхүүгийн зах зээлийн хүүг хүчээр хазаарласнаас илүү инфляцийг тогтворжуулж эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах тал дээр анхаарах нь чухал гэдэг харагдаж байна. Мөн дээрх жишээг харахад зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох нь эргээд бизнес эрхлэгчид тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд нуухыг авах гээд нүдийг нь сохлохын үлгэр болох магадлалтай. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдал дээрээ дүн шинжилгээ хийж байж урт хугацаатай стратегийн бодлого явуулах шаардлага байгааг Монгол банк ч сануулж байна. Нөгөө талаасаа актив хөрөнгөдөө ч хүрдэггүй банкуудад энэ шийдвэр санхүүд нь савалгаа үүсгэх нь тодорхой. 

Эцэстээ энэ бүхэн зөв гольдролдоо орж байж л хүү буурахаас биш аль нэг улс төрийн намын санаачилсан хуулиар банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоохгүй  юм.