Хүмүүсийн хязгааргүй хэрэглээ, түүнийг дагасан замбараагүй хог хаягдал дэлхийг мөхөх хэмжээнд хүргэж байна. Үүнээс болж жилд 100 мянган амьтан үхэж буйг бид өмнө нь мэдээлсэн. Энэ нөхцөл байдлыг цаашид үргэлжлүүлэхгүйн тулд, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй, эрүүл орчинг үр хүүхдэдээ үлдээхийн тул хүн төрөлхтөн бидний зайлшгүй сонгох амьдралын хэв маяг бол Minimal болон "Zero waste" хэвшил юм.

Тэгэхээр "Zero waste" гэж юуг хэлж байна вэ, Zero waste болохын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ гэж уншигч та асуух байх. Энгийнээр тайлбарлахад  "Zero waste" гэдэг нь нэг удаагийн хэрэглээгээ багасгаж, илүү минимал, байгальд ээлтэй хэв маяг руу шилжих юм.

Илүү ойлгомжтой болгох үүднээс "Zero waste"-ийн 5R дүрмийг танилцуулж байна. 


1.REFUSE буюу Татгалзах 

Нэг удаагийн хэрэглээ, гялгар уут зэрэг танд дахиж хэрэг болохгүй зүйлээс татгалзаж сурах.  

Худалдан авалт хийхдээ: Энэ надад яг хэрэгтэй юу, манай улс үүнийг дахин боловсруулж чадах уу, би үүнийг хэр удаан хэрэглэж чадах вэ гэж өөрөөсөө асууж хэвших. Жишээ нь дэлгүүр орох бүртээ гялгар уут худалдаж авахаа болих, хуванцар савтай ус, нэг удаагийн халбага сэрээ, соруул хэрэглэхээс татгалзах. 


2. REUSE буюу Дахин ашиглах 

Нэг удаа л хэрэглээд хаягдах зүйлсээ байнга, урт удаан хугацаанд ашиглах зүйлсээр солих. Жишээ нь, өдөр тутам хэрэглэдэг гялгар уутаа даавуун уутаар солих, хуванцар савтай ус худалдан авахаа зогсоож, өөрийн усны савтай болох, цаасан салфетканы оронд даавуун алчуур ашиглах, ариун цэврийн хэрэглэлээ cup буюу сарын тэмдгийн аягаханаар солих гэх мэт. 



3. RECYCLE буюу дахин боловсруулах 

Та хог хаягдлаа эх үүсвэр дээр нь  PET, PETE, PP, HDPE гэх зэргээр ангилж хаях ёстой. Олон улсад хогоо ангилаад байрныхаа гадаах хогийн саванд хийдэг. Харин манай улсад энэ төрлийн менежментийг олон хүн ярьдаг ч бүтээн байгуулалт болж хөрсөн дээрээ буугаагүй байна. Тиймээс энэ төрлийн үйлчилгээг үзүүлдэг буюу ангилсан хогийг чинь очиж аваад дахин боловсруулдаг компаниудтай холбогдох хэрэгтэй. /Одоогийн байдлаар манай улсад "Царцаа ногоон" ХХК энэ төрлийн үйлчилгээг үзүүлж байгаа/. 

Хуванцар бүтээгдэхүүн устаж үгүй болтлоо 1000 жилийг зарцуулдаг. Хуванцрын бүтцэд орсон хар тугалга нь хүрээлэн буй орчныг бохирдуулахаас гадна үргүйдэл, үр зулбалт, түрүү булчирхайн үрэвсэл, хорт хавдар  зэрэг хүний эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөө үзүүлдэг.

4.REDUCE буюу хог хаягдлаа багасгах /хэмнэх/

Зөвхөн хог хаягдлаа багасгах биш байгалийн нөөцийг хэмнэхийн тулд эрчим хүч, ус зэргийг хайрлах хэрэгтэй. Усанд орохдоо усаа дэмий гоожуулахгүй байх, ашиглаагүй цэнэглэгч, залгуур, ус буцалгагч зэргийг салгаж хэвших. Мөн яг хэрэгтэй гэсэн зүйлээ л худалдаж авах. Шүүгээ дүүрэн хувцастай мөртлөө өмсөх хувцас олддоггүй. Хоол хүнсээ идэх хэмжээгээр авах, өмсөж барахгүй олон хувцас авахгүй байх /өмсөхгүй хувцасаа хандивлах/ зэргээр эх дэлхийгээ хайрлах боломжтой. 

Хувцасны хаягдал, төрөл бүрийн утас, товч ахуйн хэрэглээний даавууг дахин боловсруулах боломжгүй. 


5.ROT буюу Бордоо болгох/

Байгалийн болон химийн аргаар ялзмаг болгож "бордоо" бэлдэх. Одоогоор монголд ахуйн хүнсний хаягдлаа чийгийн улаан үржүүлэн байгалийн ялзмаг болгож байна.