Монголын эмэгтэй зохиолчдын нэгэн төлөөлөл, МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнийг “Миний дуртай 5 кино” буландаа онцолж байна. Түүнийг “Гүйж яваа эмэгтэй” роман, “Хишигт” тууж, "Болор өгүүллэгүүд" өгүүллэгийн түүвэр, "Хорин жилийн дараа" тууж зэрэг олон бүтээлээр хүмүүс хэдийн сайн мэддэг болсон. 

Үүнээс гадна тэрээр бидний дуулах дуртай олон сайхан дууны үгийг зохиосон юм. Тэрээр одоо чөлөөт уран бүтээлчээр ажиллаж, гэр бүлийн хамт Франц улсад амьдарч байна. 

Зохиолч Х.Болор-Эрдэнийн үзэх хамгийн дуртай бөгөөд бусдад санал болгож буй 5 киног өөрийнх нь тайлбартайгаар хүргэж байна.


1. The Others (2001)

Николь Кидман гол дүрд нь тоглосон “The others” кино нь миний сонирхдог төрөл жанрын кино. Би сэтгэлгээний зохиолч хүн. Тиймээс энэ киног анх гарахад маш их олзуурхаж байлаа. Миний "Халаасны өрөө" өгүүллэгтэй төстэй ч юм шиг санагддаг.


2. Cinema Paradiso (1988)

Итали, Францын хамтран бүтээсэн энэхүү кино нь хүний амьдралыг киноны хэлээр илэрхийлсан бараг л туйлсын зохиол. Өргөн агуулгатайгаар цаг хугацааг, хүний амьдралыг маш энгийн хэрнээ гүн утгатай илэрхийлсэн бүтээлд би маш дуртай.


3. What Dreams May Come (1998) 

Робин Виллъямс гол дүрд нь тоглосон "What dreams may come" кино нь тамд унасан эхнэрээ хайсаар яваад түүний зурсан зураг дотроос нь олж уулздаг. Энэ киноны тухай хэзээ ч яриад дуусахгүй маш их тайлбар урган гарна. Энэ бол тэр чигээрээ миний бодож сэтгэх, давхар санааг ухаж төнхөх хоббиг асааж орхидог. Хайр сэтгэл, уран бүтээл, өчигдөр бас өнөөдөр, гэр бүлийн эргэх холбоо энэ бүхэн хэзээ ч тасардаггүй, бүр сэжим үзүүр бүхнээр холбогдож дахин дахин төрсөөр байдгийг бас бидний бүтээсэн бүхэн эргээд бидний оршин тогтнох орон зай, нуугдаж үлдэх диваажин бас там болдог гээд бусдын тайлбарладагаас арай өөрөөр яриад байвал дуусахгүй их санаа бий.


4. Children of Heaven (1997)

"Children of  Heaven" буюу "Диваажингийн хүүхдүүд" гэх Ираны киноны хамгийн гол элемент нь гутал байдаг. Гэхдээ энэ гутлаар нийгмийн байр суурь, амьдралын төвшин, тэр бүү хэл хүний зорилго, тэвчээр, холын ирээдүйд хүрэх зам, зориг, хайр, уучлал гээд асар олон зүйлийг илэрхийлсэн. Би үүнийг үзээд яг тийм зохиол бичээгүйдээ маш их атаархсан.


5. One flew over the cuckoo's nest (1975)   

Милош Форманы "Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг"  кино бол нийгмийн байдлыг сэтгэцийн эмнэлгээр төлөөлүүлж харуулсан гайхалтай сайн кино. Миний "Хороогч" гээд өгүүллэг байдаг. Бас л төстэй санагддаг.