Мэргэжлийн хяналтын газраас хууль бус үр хөндөлтийг зогсоох зорилгоор шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийлээ. Шалгалтад эмэгтэйчүүдийн өвчний оношлогоо эмчилгээ хийдэг улсын болон хувийн хэвшлийн 46 эмнэлэгийг хамруулсан байна. 

Шалгалтаар эмчлэх сувилах, эх барих үйл ажиллагааг  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан эмнэлэгүүдийг илрүүлжээ. Эдгээр эмнэлэгүүд нь Бяцхан гүнж, Цэцэгс, Цэцэнгоо эмнэлгүүд юм.

Албан тоогоор хууль бус үр хөндөлтийн улмаас хүндэрч ирсэн тохиолдол энэ оны эхний 8 сарын байдлаар 21 гарчээ. Эдгээрийн ихэнх нь үр зулбуулах эмийг дураараа авч хэрэглэснээс үүдэлтэй гэдгийг МХГ-ын улсын байцаагч нар дурьдав. Эдгээр эмүүдийн ихэнх нь улсын бүртгэлгүй. Гэсэн хэдий ч зарах арга нь сүлжээ хэлбэрт орсон байдаг гэлээ.

Дээрх тохиолдлуудыг тодруулахад эмийг Эрээнээс авсан 3, интернетээр захиалсан 2, Нарантуул худалдааны төвөөс 3, Зүүн Хараагийн худалдааны төвөөс 3, хувь хүний гар дээрээс 2 гэх мэтээр худалдан авсан байжээ. Хамгийн аюултай нь уг эмийг худалдан авсан газраа эмэгтэйчүүд ихэвчлэн нуудаг, үүнээс болж улам ч газар авч байгааг дурьдаж байлаа. Тухайлбал Нарантуул худалдааны төвөөс зулбуулах эм худалдан авч уусан хоёр ч бүсгүйн бие муудаж эмнэлэгт хандсан нь анхны тохиолдол биш гэнэ.

Мөн хувийн эмнэлэгүүд ч хариуцлагагүй хандсанаас болж эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол гарсаар байна. Тухайлбал “Энхийн төлөө эмэгтэйчүүд” эмнэлэг 4-5 долоо хоногтой жирэмсэн эхэд эмийн зулбаа хийснээс болж хүндрэл гарч улмаар “Амгалан” амаржих газарт ханджээ. Гэвч үр хөндөлтийн хүндрэл өгч умайгаа авахуулах мэс ажилбар хийлгэсэн гэв. Уг эмнэлэгийн хувьд магадлан итгэмжлэлтэй хэдий ч хугацаа нь дууссан үедээ үйл ажиллагаа эрхэлж байсан аж.

Зөрчлийн тухай хуулид зааснаар эмнэлэгийн бус газар эмчилгээ үйлчилгээ газар хийсэн эмчийн лицензийг нэг жил хүртэлх хугацаагаар хүчингүй болгож, 500 мянган төгрөгөөр торгодог журамтай. Харин хуулийн этгээд, ААН-ийн тухайд 5 хүртэлх сая төгрөгөөр торгодог ажээ. Тиймээс уг журмаар 3 эмчийн эмчлэх эрхийг түдгэлзүүлэхээр болсон байна. 

Судалгаагаар үр зулбуулах эм уусан болон үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 70 хувь 20-35 насны нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд байдаг гэв. 


Зулбуулах эмийг эмч шүүгээнээсээ зарж байвал мэргэжлийн байгууллагад хэлэх ёстой

Д.Оюунбилэг, Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч:

Хууль бус эмийн ихэнх нь Нарантуул худалдааны төв болон интернетээр зарагдаж байна. Ерөнхийдөө нууц байдалд орчихсон. Бид энэ асуудлыг шалгахаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийдэг. Тухайлбал ЭЦА-тай хамтраад шалгалт хийж ирсэн. Шалгахад зулбуулах эмийг тухайн хүндээ л өгдөг, бусад хүнд мэдэгддэггүй хэлбэрт шилжсэн нь илрүүлэхэд бэрх байдаг.  Эмүүдийн ихэнх нь Энэтхэг, Тайланд, Хятад улсынх. Гэхдээ зарлачихаар сурталчилгаа болчихдог учраас хэлдэггүй. 

Зарим иргэдийн дунд эмч нар шүүгээнээсээ эм зарлаа гэсэн яриа бий. Энэ бол шууд хууль бус үйлдэл учраас эмнэлэгийн байгууллагад хандах ёстой 


Зулбуулах эм ууж хүндэрсэн эмэгтэйчүүд хаанаас, хэнээс авсанаа хэлдэггүй нь асуудал үүсгэж байна

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн байцаагч Байгальмаа:

Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 50 хувь нь дахин жирэмсэн болоход ямар нэгэн асуудал үүсдэг. Үндсэндээ үргүйдлийн шалтгаан болдог. Хамгийн гол нь зулбуулах эм уугаад хүндэрч, цус алдаж эмнэлэгт ирж байгаа эмэгтэйчүүд ямар эм уусан, хэнээс авсан гэдгээ хэлдэггүй. Ингэж дур мэдэн эм авсанаас болж амь насаараа дэнчиж тавьж хүндрэл өгч эмнэлэгт ханддаг. Бүр аргагүй нөхцөлд орж хүндэрч байгаа эмэгтэйчүүдээс асуухаар Нарантуул худалдааны төв, интернетээр захиалж авсан гэдэг. Иймээс эмэгтэйчүүдэд зөвшөөрөгдсөн эмнэлэгийн нөхцөлд мэргэжлийн эмчид хандаж эмнэлэгийн тусламж үйлчилгээ авахыг зөвлөе.