Индонез улс 2032 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах мэдүүлгээ өгөх бодолтой байна гэж тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо бямба гарагт Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзахдаа мэдэгдсэн тухай ТАСС агентлаг мэдээлэв.
 
“2018 оны Азийн спортын наадмыг зохион явуулахад бэлтгэсэн болон хүлээн авч зохион байгуулсан туршлагадаа тулгуурлан бид Олимпийн наадмыг ч хүлээн авч зохион явуулахад бэлэн байна. Индонезийн Жакарта болон Палембанг хотод явагдаж байгаа энэ удаагийн тэмцээнүүдэд бэлтгэсэн байдлыг олон улсын спортын байгууллагуудын төлөөлөгчид маш өндрөөр үнэлж байгаа” гэж Индонезийн төрийн тэргүүн тэмдэглэсэн байна.
 
“Индонез улсад 2032 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах эрх олж авах боломж маш өндөр байна” гэж Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах мэдэгджээ.
 
Зуны олимпийн наадам 2020 онд Токиод, 2024 онд Парист, 2028 онд Лос-Анджелест болох юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг