Сурагчид цүнхэндээ хэмжээ том олон ном, дэвтэр болон хичээлийн бусад хэрэгслийг хийснээр маш хүнд болдог. Бага ангийн сурагчид тэр дундаа зургаан настнууд өдөр бүр өөрийн биедээ ахадсан хэмжээтэй цүнх үүрч хичээлдээ явна гэдэг нь тухайн хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Сурагчийн үүрч буй цүнх жингээс гадна тухайн хүүхдийн биед таарсан хэмжээтэй, өргөн мөртэй, хөнгөн байх зэрэг хэд хэдэн шаардлагыг хангасан  байх учиртай.

Үүнтэй холбоотойгоор БСШУСЯ-наас нийт эцэг, эхчүүдэд зориулан сурагчийн цүнх зөв сонгох зөвлөмж гаргажээ.

Сурагчийн цүнх нь:

  • Элдэв тоноглолгүй байх
  • Хөнгөн, эдэлгээ сайтай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх
  • Хичээлд шаардлагагүй зүйлс /тоглоом, үлгэрийн ном гэх мэт/ өгч явуулахгүй байх
  • Цүнхний нийт жинг хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхад анхаарах
  • Цүнхийг нуруунд жигд ачаалал өгөхүйц хоёр мөрөндөө үүрч дадуулах хэрэгтэйг зөвлөж байна.

Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш нарт зөвлөж байна

  • Сурагчийн биеийн жинг хэмжиж цүнхний нийт жинг хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхад хяналт тавих
  • Цүнхний жингийн норм хэмжээг анги бүр гарган мөрдөх ажлыг зохион байгуулах
  • Хичээлийн хуваарийн дагуу хичээлийн хэрэгслээ ялгаж буйд хяналт тавих
  • Сурагчдад боломжтой бол аль болох нимгэн дэвтэр ашиглахыг дэмжих
  • Хичээлд ач холбогдол багатай хэрэгслээр сурагчдын цүнхний жинг нэмэгдүүлэхгүй байх зэрэгт анхаарч ажиллахыг холбогдох яамнаас зөвлөж байна.