"1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо" ТББ байгуулагджээ. Санаачлагч нь "Гложекс консалтинг” компанийн ерөнхий захирал, уул уурхайн эдийн засагч, судлаач Л.Наранбаатар юм.

Тэрбээр 2016 оноос хойш "ЭТТ" ХК IPO хийх ёстой,  цахилгаан станц, төмөр замаа барьж байж ЭТТ-н үр ашиг нэмэгдэж үнэ цэнтэй болно гэдэг байр сууриа тууштай илэрхийлж ирсэн билээ.

Эдийн засагч, судлаач Л.Наранбаатараас тус ТББ-ын зорилгынх нь талаар тодруулахад,

"2018 онд 720 гаруй төгрөгийн ашигтай ажилласан ЭТТ ХК 2,5 сая иргэндээ ногдол ашиг өгүүлэхгүй гэсэн зорилготой мэдээлэл явуулж байна. Наанаа иргэдэд хувьцаа өглөө шүү гээд хэлчихсэн хэрнээ, хаалттай, саналын ямар ч эрхгүйгээр улс төрийн шоу болж ирлээ. Иймээс тус холбоог байгуулсан. Уг нь энэ олсон ашгийнх нь 15 хувь нь бид нарын мөнгө. Үлдсэн 85 хувь нь Засгийн газрын мэдлийнх. Тэр мөнгөө Засгийн газар Баялгийн сандаа хуримтлуулаад төмөр зам, цахилгаан станц, баяжуулах үйлдвэр бусад хөрөнгө оруулалтын төсөлдөө оруулж болно. Иймээс иргэдийн 15 хувийг авах гэж янз бүрийн PR хийхээ болихыг ЭТТ ХК болон зарим зорилготой PR-чдаас шаардаж байна. ЭТТ компанийн санхүү, үйл ажиллагааны талаар, нүүрсний зах зээлийн өрсөлдөөн, бодит орчин, гадаад болон дотоодод ямар нөхцөлтэй байдаг гэдэг бодит мэдээллийг хүргэх чухал байна. Иргэд эх оронч сэтгэлээр ногдол ашгийнхаа мөнгийг хандивлахад бэлэн байна. Гэвч хулгайч. төртэй учраас өгөхийг хүсэхгүй байгаа юм. ЖДҮ сан, 60 тэрбум гэх мэтээр хулгайч нар төрд дүүрсэн учраас итгэл алдарсан, ийм сонирхол ч алга. Тэд хулгайлаагүй бол бид хангалттай мөнгөтэй байх байлаа. Тиймээс иргэддээ уриалахад 1072 хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгөөрөө авцгаая! Ядаж хүүхдүүддээ маск авцгаа энэ мөнгөөр! 1072 хувьцааны ногдол ашгийг өсгөх, үнэ цэнийг нэмэгдүүлэх, ЭТТ ХК-ийг шилэн, нээлттэй болгоход нэгдээрэй! "1072 хувьцаа" фэйсбүүк группт элсэж мэдээлэл аваарай, хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах холбоогоо дэмжээрэй! Өмнө нь ч би хуульч, эдийн засагч залуустайгаа нэгдэн эдийн засгийн тооцоотойгоор шахаж шаардаж, ЭТТ ХК-ийн нүүрсний үнэ дээр заавал тендер зарлаж байж өгдөг процес руу шилжсэн. Бас үндэсний компаниудад ч боломж олгосон. " гэлээ. 

Эдийн засагч Л.Наранбаатарын тооцоогоор хэрэв 1072 хувьцааны ногдол ашиг хуваавал нэг айлд дундажаар 100-аад мянган төгрөг хүртэх гэнэ.  Энэхүү холбоонд нэгдэж, 1072 хувьцаанаас ашиг хүртэхийг хүссэн иргэд 1072 хувьцаа facebook группэд нэгдэх болох аж.

Тус холбоо эдгээр шаардлагыг албан тушаалтнуудад хүргэх аж. 

1. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн асуудлыг хамгаалах, үүн дээр гадаадын сайн туршлагыг нэвтрүүлэх

2. Төрийн өмчид хувьцаат компаниудын засаглалын асуудалд ахиц гарахгүй байгаа, үүнд иргэдийн оролцоо бодитой байж чаддаггүй. Иймээс улс төрөөс хэт хамааралтай байгаа гэх мэт байдлыг өөрчлөх

3. Уул уурхайн орлогоос иргэдэд шууд болон шууд бусаар очих үр ашгийг тодорхой болгохгүй бол популизмд ихээр автаж дундаас нь хожигчид хэт олширох магадлалтай байна, тиймээс энэ асуудлыг иргэдийн оролцоотой шийдэх ёстой.

4.ЭТТ компани нүүрс борлуулалтын бүх гэрээ болон 1 тэрбум төгрөгөөс дээш худалдан авалтын бүх гэрээг ил болгох

5. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг тавих

Энэ оны 4 дүгээр сарын 20-нд ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болох бөгөөд иргэдэд хувьцааны ногдол ашиг өгөхийг эсэхийг шийдэх юм.