Циркийн жүжигчин, экстрем артист М.Мягмарсайхан энэ сарын 8-нд Архангай аймгийн Чулуутын хавцал дээгүүр 50 метрийн өндөр 130 метр олсон дээр ямар ч хамгаалалтгүй алхаж “тэнгэрийн алхаа” хийлээ. 

Skywalk хэмээх энэ экстрем үзүүлбэр нь европ, АНУ, БНСУ, БНХАУ-д эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд өндөр утсан дээрх эл үзүүлбэрийг өнөөдөр хийж байгаа цорын ганц монгол хүн нь М.Мягмарсайхан юм. Тэрбээр 1999 оноос циркийн чанга утасны үзүүлбэрт бэлтгэж байгаад 2002 онд манежинд өндөр утасны highwire үзүүлбэр тоглож, улмаар 2005 оноос барилга байшин, уул хад, цэнгэлдэх хүрээлэнгийн дээгүүр татсан утсан дээгүүр хамтрагч Фрэдди Ноктой явдаг болсон юм.

Тэрбээр өнгөрсөн жил эх орондоо анх удаа skywalk хийж Өвөрхангай аймгийн Улаанцутгалан хүрхрээн дээгүүр 28 метрийн өндөр 57 метр тросс байршуулж алхсан бол энэ удаа амжилтаа ахиулж Чулуутын хавцал дээр skywalk хийж, энэ үзүүлбэрийг бодитоор 4000 гаруй хүн ирж үзэж сонирхлоо.

Аялал жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүн бий болгох, хүний амины үнэ цэнийг ойлгуулах, монголын үзэсгэлэнт байгалиа гадаад, дотоодын үзэгчдэд уран бүтээлээ дамжуулан сурталчлах гээд олон давхар зорилго агуулсан энэ үзүүлбэрийг бий болгоход 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй циркчдийн баг ажиллажээ.