Улиран одож буй 2018 онд дэлхий даяар болсон дуудлага худалдааны үеэр маш олон сонирхолтой эд зүйлсийг худалдаас. Дуудлага худалдаанд урлагийн бүтээл болон үнэт эдлэл нь онцгой байр суурь эзэлдэг хэдий ч зарим үед хачин сонин эдлэлүүд өндөр үнэд хүрдэг байна. 

Тэдгээрийн дундаас 2018 онд худалдагдсан хамгийн сонирхолтой эд зүйлсийн жагсаалтыг телевизийн “CNN” суваг гаргажээ.
 

  • Цэвэр усны хамгийн том сувд

Дэлхийн цэвэр усны хамгийн том сувд болох “Унтаж буй арслан” нэртэй сувд өнгөрсөн тавдугаар сард Нидерландын дуудлага худалдааны “Venduehuis” төвд 374 мянган ам.доллараар зарагджээ. Уг сувд нь 2.7 инч урт, 4 унц жинтэй ажээ.

  • Сарны чулуунууд

Өнгөрсөн 11 дүгээр сард АНУ-ын Нью-Йорк хотын дуудлага худалдааны төвд 1970 онд "Луна-16" пуужингаар дэлхийд авчирсан сарны жижиг гурван чулуу 855 мянган ам.долларын үнэ хүрчээ. "Өөр гарагийн эд зүйлийг дуудлага худалдаанд анх удаа оруулсан явдал боллоо" гэж Дуудлага худалдааны төвийн мэргэжилтэн хэлжээ.

  • Стефен Хокингийн тэргэнцэр

Эрдэмтэн Стефен Хокинг агсаны хэрэглэж байсан тэргэнцэрийг 11 дүгээр сард дуудлага худалдааны "Christie's" төвд болсон дуудлага худалдааны үеэр 297 мянга орчим ам.доллараар худалдан авчээ.

  • Бүтэн алмаазан бөгж

“Apple” компанийн ахлах дизайнер Жон Иве болон аж үйлдвэрийн дизайнер Марк Ньюсон нар нэг бүтэн алмаазыг зүсэж хийсэн бөгж энэ сард болсон дуудлага худалдааны үеэр 256 мянган ам.доллараар зарагдсан байна.

  • 3000 жилийн тэртээх сийлбэр

3000 жилийн тэртээх Ассирийн эзэнт гүрний үеийн сийлбэр 10 дугаар сард дуудлага худалдааны төвд 31 сая ам.доллараар зарагдсан нь Ассирийн үеийн эдлэлүүдээс хамгийн өндөр үнэд хүрсэн тохиолдол болжээ.

  • 5655 каратын маргад эрдэнэ

Өнгөрсөн 11 дүгээр сард Сингапурт болсон дуудлага худалдааны үеэр Замбиас олдсон 5655 каратын маргад эрдэнэ 28.4 сая ам.долларын үнэ хүрчээ. Үүний нийт жин нь 1.1 килограмтай тэнцэх ажээ. “Gemfields” компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, тус компанийн уурхайгаас олдсон хамгийн том эрдэнэс биш бөгөөд 2010 онд олдворлосон 6225 каратын маргад эрдэнийг "заан" хэмээн нэрлэж байжээ.

  • 1.1 сая ам.долларын үнэтэй виски

  • Винни Пух баавгайн тухай зохиолд гардаг жинхэнэ газрын зураг

Винни Пух баавгайн тухай зохиолд гардаг жинхэнэ газрын зураг долдугаар сард болсон дуудлага худалдааны үеэр 600 мянга орчим ам.долларт хүрсэн нь номын хавсралт зураг хамгийн өндөр үнэд хүрсэн тохиолдол болжээ.

  • Үлэг гүрвэлийн араг яс

150 жилийн настай үлэг гүрвэлийн арга яс зургадугаар сард Парис хотод болсон дуудлага худалдааны үеэр 2.36 сая гаруй ам.долларын үнэ хүрчээ. 2.6 метр өндөр, 9 метр урт араг яс нь “Аллосаурус” үлэг гүрвэлийн чулуужсан яс бөгөөд сайн хадгалагдсан байсны улмаас 70 орчим хувийг босгож чаджээ.

  • Эйфлийн цамхгийн шат

Өнгөрсөн 11 дүгээр сард болсон дуудлага худалдааны үеэр Эйфлийн цамхгийн шатны хэсгийг 191 мянган ам.доллараар худалдан авчээ. 4.3 метр өндөр, 25 гишгүүртэй шат нь цамхагт цахилгаан шат суурилуулахаас өмнө хоёр ба гуравдугаар хэсгийг холбодог байжээ.

  • Хатан хааны “Роллс-Ройс”

Их Британийн Хатан хаан хоёдугаар Элизаветагийн “Роллс-Ройс” автомашиныг есдүгээр сард болсон дуудлага худалдааны үеэр 1 сая гаруй ам.доллараар худалдан авчээ. Хатан хаан уг автомашиныг төрийн арга хэмжээнд оролцох үеэрээ хэрэглэдэг байсан бөгөөд хааны удмын гэр бүлд 40 гаруй жил хадгалагджээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, CNN