Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн зах зээл дээр 2016 онд гарган арилжаалсан 500 сая ам.долларын, 5 жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бондын үлдэгдэл төлбөр болох 132.6 сая ам.долларын төлбөрийг 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр, мөн 2016 онд Кредит свисс банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 сая ам.долларыг 2021 оны 3 сарын 15 өдөр тус тус хөрөнгө оруулагчдад бүрэн төлж барагдууллаа.

Монгол Улсын Засгийн газар нь 2019 онд Улсын Их Хурлын 55 дугаар тогтоолоор “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг”-ийг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тус стратегийн баримт бичгийн нэгдүгээр зорилтод “Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас, зээлийн төлбөрүүдийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлж дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулна” гэж заасан. 

Энэ дагуу Монгол Улсын Засгийн газраас  2020 онд “Номад” өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Уг арга хэмжээгээр 2021 онд эргэн төлөгдөх “Мазаалай”, 2022 онд эргэн төлөгдөх “Чингис” бондуудын зарим хэсгийг дахин санхүүжүүлсэн. 

Улмаар 10.875 хувийн өндөр хүүтэй Мазаалай бондын тодорхой хэсгийг 5.125 хувийн бага хүүтэй “Номад” бондоор дахин санхүүжүүлж, үлдэгдэл төлбөр болох 139.8 сая ам.доллар (хүүгийн төлбөрийн хамт)-ыг Монгол Улс макро эдийн засаг, төсөв, санхүүгийн дарамтгүйгээр ийнхүү амжилттай бүрэн төлж барагдууллаа.