А.Амбасэлмаа: ХӨСҮТ болон Завхан аймагт тусгаарлагдсан хоёр хүнээс коронавирус илрээгүй

Б.Баясгалан
02 сарын 21, 2020

Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 19-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг, Завхан аймагт тусгаарлагдсэн нэг хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Тус хоёр хүнээс шинэ коронавирус илрээгүй.

Өчигдөр орой Пусан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 6 оюутныг ажиглалтад авсан. Солонгосын Дэгү хотод өвчлөлийн 80 гаруй хувь нь бүртгэгдэж байна. Тус хотод Монголын олон оюутан залуус сурч, ажилладаг. Тухайн оюутнуудын сурдаг сургуульд шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс тус сургууль оюутнуудаа амраагаад, сургуулийн захиргаа дуудсан үед ир гэж буй. Улмаар манай улсын оюутнууд эх орондоо ирж байна. 

Тухайн хотод өвчлөл их гарч буй учир дээрх 6 оюутныг ХӨСҮТ-д ажиглалтад авсан. Бүгдийнх нь бие сайн, эмнэлзүйн ямар ч шинж тэмдэг илрээгүй байгаа. Цаашид Пусан, Сөүл зэрэг шинэ коронавирусийн голомтот бүс нутгаас ирж буй онгоцны хилийн нэвтрэх хяналтыг сайжруулахаар ажиллаж байна" хэмээлээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.