Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа.  

-Монголбанк энэ онд ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газар руу шилжүүлнэ гэж байсан. Энэ ажлын үйл явц ямар шатандаа байна вэ. Он гарснаас хойш хэдий хэмжээний санхүүжилтийг ипотект гаргаад байна вэ? 

-Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдийг зогсоосон. Одоо үргэлжилж байгаа нь ипотекийн зээл. Хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг 2019 онд Засгийн газарт шилжүүлэхээр тохирсон. Энэ дагуу Монголбанк   ажиллаж байна. 2019 оны нэгдүгээр сараас эхлэн хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлнэ.

Шилжүүлэх хүртэл ипотекийн зээлийн санхүүжилтийг таслахгүй олгох зорилгоор ипотекийн зээлээр баталгаажсан зээлийн эргэн төлөлтөөс Монголбанк шинэ зээлүүдийг санхүүжүүлж байгаа. Энэ хүрээнд сар бүр 16 тэрбум төгрөгийг банкуудад ипотекийн зээлийн санхүүжилт хэлбэрээр олгож байна. Мөн 2018 оны төсөвт 120 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийг санхүүжүүлэх зорилгоор суулгаж өгсөн. Сангийн яамнаас улирал бүр 30 тэрбум төгрөгийг банкуудад санхүүжилт болгон олгож байна. Дөрөвдүгээр сард Засгийн газар, Монголбанкны санхүүжилт нийлээд 46 тэрбум төгрөгийг олгосон. Хоёрдугаар улирлын эх үүсвэрийг барилгын салбарын идэвхжилтэй үе эхэлж байгаа тул Сангийн яамнаас эх үүсвэрийг тавдугаар сарын эхээр олгосон байгаа. Монголбанкнаас 16 тэрбум, Сангийн яамнаас 30 тэрбум нийт 46 тэрбум төгрөгийг тавдугаар сард багтаагаад арилжааны банкуудад олгоно. 

-Ипотекийн зээл зорилтот бүлэгтээ хүрч чадаж байна уу. Энэ чиглэлд Монголбанк хэрхэн анхаардаг вэ? 

-Ипотекийн санхүүжилт эрэлтээ бүрэн хангаж чадахгүй байгаа. Цаашид хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй байгаа. Сангийн яамны зүгээс Татаасын журам боловсруулж Барилга хот байгуулалтын яам, Монголбанкны хамтарсан ажлын хэсгийн хурал дээр танилцуулсан. Энэ асуудал Сангийн яамнаас шийдэгдээд явбал 2019 оноос Засгийн газрын татаасын журам хэрэгжих болов уу. Энэ тохиолдолд хүртээмжийг өнөөгийн түвшнөөс хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой. Зорилтод бүлгийн хувьд Монголбанкнаас олгож байгаа санхүүжилтийн 25 хувийг орон нутагт олго гэсэн шаардлагыг банкуудад тавьдаг. 

Энэ талаар зээл олгосон зээлийн тайланг шалган банкуудтай хамтарч ажилладаг байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсүүдэд ипотекийн зээлийн хүртээмжийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр Монголбанкнаас арилжааны банкуудтай ярилцдаг. Гэр хорооллын айл өрхүүдийг дахин төлөвлөгдсөн барилгуудад зээл олгоогүй тохиолдолд Монголбанкнаас шаардлага тавихад хүндрэлтэй байгаа. Учир нь эцсийн эрсдэлийг банкууд өөрсдөө хүлээж бодлогын хүрээндээ зээлээ олгоод явж байгаа. Засгийн газрын татаасын журмыг хэлэлцэж байхад гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд баригдсан барилгаас зээл авсан тохиолдолд урьдчилгаа төлбөр 25 хувь болгох, зээлийн хүүг тодорхой хэмжээнд бууруулах асуудал яригдаж байгаа. Энэ хэлбэрээр асуудлыг шийдээд явж болох байх.

-Банкууд ипотекийн зээл олгохдоо зөвхөн өөрсдийн санхүүжүүлсэн барилгаас сонгохыг иргэдэд тулган шаардаж байна гэх гомдол их байдаг. Үүнийг Монголбанкнаас зохицуулах боломж байдаг уу? 

-Ипотекийн хөтөлбөр нь Монголбанкнаас эх үүсвэрийг олгоод, олгосон эх үүсвэр нь эргээд МИК-ийн үнэт цаасжуулалтаар дамжаад Монголбанкинд хуримтлагддаг. Тэгэхээр банкуудын зээл олгож байгаа шалгуур, МИК-ийн худалдан авч байгаа зээлдээ тавих шалгуур нь сайн байснаар энэ хөтөлбөр цаашид тогтвортой үргэлжлэх юм. Тэгэхгүйгээр Монголбанк эсвэл өөр ямар нэгэн газраас та нар зээлийн шалгуур дээрээ өөрчлөлт хий, ийм хүмүүст зээл олго гэх зэрэг шаардлага тавиад байвал банкуудын зээлийн шалгуурт сөргөөр нөлөөлөх болгоомжлол бий. Тийм учраас 

Монголбанкны зүгээс банкуудад яг ийм байршлын орон сууцанд, ийм орлоготой хүмүүст зээл олго гэсэн шаардлагыг тавьж чадахгүй байгаа.  

Гэхдээ Монголбанкны зүгээс иргэдийн ирүүлж байгаа гомдлыг үндэслээд банкуудад мэдэгдэл хүргүүлсэн. Та бүхэн зээлдэгчдэд харилцан адилгүй хандах нь зохимжгүй байна. Зөвхөн өөрийн санхүүжүүлсэн барилгын компанийн байранд материал хүлээж аваад, өөр бусад байгууллагуудын орон сууцанд зээл олгохгүй байгаа нь зохимжгүй байгаа тул анхаарна уу гэсэн чиглэлийг Монголбанкнаас өгсөн. Ойрын хугацаанд Монголбанкнаас ипотекийн зээлийн хэрэгжилттэй холбоотойгоор банкуудад шалгалт хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд банкуудын ипотекийн зээлийн хэрэгжилт ямар байна, иргэдэд хэрхэн хандаж байна вэ гэдгийг шалгаж үзнэ.  

-Ирэх оноос ипотек Засгийн газарт шилжихээр ипотекийн схем, зээлийн журамд ямар өөрчлөлт орох бол. Урьдчилсан байдлаар мэдээлэх боломжтой юу? 

-Сангийн яамны зүгээс ипотекийн хөтөлбөрийг ирэх оноос яаж хэрэгжүүлэх талаар журмаа ярилцаж байгаа юм билээ. Монголбанк анх 2013 онд энэ хөтөлбөрийг эхлүүлж байхдаа аажмаар энэ хөтөлбөрөөс гарна гэсэн байр суурьтай байсан. Төв банкны хувьд яг ийм хөтөлбөрт оролцоод явах нь зохисгүй. Төв банк төсвийн шинж чанартай бүх хөтөлбөрөөс гарсан. Засгийн газарт шилжсэнээр зээлдэгчид тавих шаардлага, санхүүжилтийн хэмжээ гэх зэрэг дээр ямар өөрчлөлт гарахыг хэлж мэдэхгүй байна.