АТГ-аас өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 25 хүртэлх хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулж өнөөдөр мэдээлэл хийлээ. 

АТГ дээрх хугацаанд 21 аймаг, 98 сумын төрийн байгууллагын харъяа агентлагуудад хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад аймаг, сумдад дараах зөрчлүүд түгээмэл илэрсэн байна. Үүнд:

  • Засаг даргын нөөц хөрөнгийг баяр наадам тэмдэглэх, шагнал урамшуулал олгох зэрэг үр ашиггүй зүйлд зарцуулдаг
  • "Сум хөгжүүлэх сан"-гийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг. Тус мөнгийг сумын удирдлагууд ах дүү, хамаатан садандаа өгөх тохиолдол их байна. Ингэснээр сум хөгжүүлэх хүрээнд хэрэгжсэн ажил болоод зээлийн эргэн төлөлт байхгүй байна.
  • Төрийн захиргааны албан тушаалтнууд улс төрийн албан тушаалыг давхар хашиж буй зөрчил олон гарсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 15.1.8-ыг зөрчиж байна.
  • Төрийн албан хаагчийг үндэслэлгүй ажлаас халах, чөлөөлөх, ажилгүй байх хугацаанд цалин нөхөн олгох  зөрчил түгээмэл байна
  • Хандив, санхүүгийн туслалцааг байгууллага, аж ахуйн нэгжүүдээс хууль бусаар авдаг
  • Төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй, дээд боловсролтой байх гэсэн шаардлага хангаагүй иргэдийг орон тооны ажилд томилох
  • Зөрчил гаргасан төрийн алба хаагчдад хэлбэрийн төдий хариуцлага тооцдог зэрэг зөрчлүүд түгээмэл байгааг АТГ-ын ажлын хэсэг шалгалтын явцад илрүүлсэн байна.

Мөн сумын төсвийн хөрөнгийн ихэнх хувийг сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөл тохижуулалтын ажилд зарцуулдаг. Гэвч сургууль, цэцэрлэгийн удирдлагууд нь тус сумын засаг даргын нөхөр/ эхнэр байх тохиолдол олон байгааг онцоллоо.

Өнгөрсөн нэг сарын хугацаанд АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст төрийн албанд томилогдох хүмүүсийн ирүүлсэн ашиг сонирхлын мэдээллийг шалгахад илт ашиг сонирхлын зөрчилтэй хоёр иргэнийг илрүүлсэн байна.

ТЕГ-ын дарга асан Б.Хурц БНСУ-аас УИХ-ын гишүүн Л.Болдоос 300 мянган ам.доллар нэхэмжилсэн албан бичгийг АТГ-т ирүүлсэн хэмээн мэдэгдээд байгаа. Энэ тодруулахад "АТГ-т 300 мянган ам.доллартой холбоотой гомдол мэдээлэл ирсэн. Бид шалгаж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн хариуллаа.