Б.Баясгалан
12 сарын 19, 2019
Монгол Улсын Засгийн газраас Шинжлэх Ухаан технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг академич Б.Бямбаад олгож, 100 сая төгрөгөөр шагналаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр уг шагналыг “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлээрээ хүртэж буй Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Б.Бямбаад Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд биечлэн гардуулав.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Б.Бямбаагийн тус бүтээл нь Мал эмнэлгийн хүрээлэнд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хийгдсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүн юм.
Тус бүтээл нь үндэсний баялаг болсон мал сүргийг паразиттах өвчнөөс эрүүлжүүлэх төдийгүй паразит зооноз, бэтэг, финоз зэрэг хэд хэдэн аюулт өвчнөөс хүн амыг хамгаалах, цаашлаад үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд томоохон үр нөлөө үзүүлэх ажил болсон гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.
Академич Б.Бямбаагийн бүтээсэн Авермонмек, Альмонзол эм бэлдмэлүүд үйлдвэрлэлд нэвтэрч, дотооддоо үйлдвэрлэх болсноор гадаадын ижил төстэй бүтээгдэхүүн худалдаж авах үнэтэй харьцуулахад даруй 147.4 тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгосон гэж эдийн засагчид тооцоолон гаргасан нь энэхүү бүтээлийн үнэ цэнэ, ач холбогдлыг илтгэн харуулж байгаа юм" хэмээлээ.
Харин Академич Б.Бямбаа "Уг шагнал нь шинжлэх ухаанчдад урам зориг, итгэл хүлээлгэж байна. Хичээн ажиллана. Төрөөс шинжлэх ухааны салбарт анхаарлаа хандуулж, салбарын нэгдсэн чуулганыг зохион байгуулж, бодлогын болон санхүүжилтийн дэмжлэг үзүүлж буй Ерөнхий сайд, салбарын сайд нарт талархал илэрхийлье" гэсэн юм.
Шагнал гардуулах ёслолоос гэрэл зургаар хүргэж байна.
засгийн газар у.хүрэлсүх б.бямбаа технологийн дэвшлийн шагнал
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.