Дэлхийн амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтыг долоон жил дараалан тэргүүлж байсан Австралийн Мельбурн хотыг энэ онд Австрийн нийслэл Вена хот ардаа орхиж, нэгдүгээрт жагссан байна. Энэ тухай Их Британийн “Economist Intelligence Unit” байгууллагаас жил тутам гаргадаг судалгааны тайланд мэдээлэв.

Дэлхийн 140 хотынулс төр, нийгмийн тогтвортой байдал, боловсрол, эрүүл мэндийн хүртээмж болон гэмт хэргийн гаралт зэрэг үзүүлэлтийг харгалзан энэхүү жагсаалтыг гаргадаг юм. Вена хот нийт 99.1 оноо цуглуулсан бол Мельбурн хот 89.4 оноогоор хоёрдугаар жагссан байна.

Жагсаалтад шинээр багтсан хотууд

Японы Осака болон Токио хот хамгийн таатай 10 хотын жагсаалтад шинээр багтаж, 3 болон 7 дугаар байранд тус тус оржээ. Тус хоёр хотод гэмт хэргийн гаралт багасч, нийтийн тээврийн үйлчилгээ сайтар хөгжсөнийг тайланд онцолжээ.

Харин Финландын Хельсинки болон Германы Хамбург хот өнгөрсөн онд 9 болон 10 дугаар байрт орж байсан бол энэ оны жагсаалтын шилдэг 10-т багтаж чадсангүй. 2018 оны жагсаалтын 9 дүгээрт Данийн нийслэл Копенгаген хот шалгарсан нь шилдэгт багтсан Европын хоёр дахь хотоор тодорсон байна.

Австрали улс эхний байраа алдсан хэдий ч тус улсын Мельбурн, Аделаида, Сидней зэрэггурван хот шилдэг 10 хотын жагсаалтад багтаж байна. Мөн Канадын гурван хот 4, 6 болон 8 дугаар байрт жагссаныг тайлан мэдээнд онцолжээ.

Амьдрахад хамгийн таатай 10 хот

1. Вена, Австри
2. Мельбурн, Австрали
3. Осака, Япон
4. Калгари, Канад
5. Сидней, Австрали
6. Ванкувер, Канад
7. Токио, Япон
8. Торонто, Канад
9. Копенгаген, Дани
10. Аделаида, Австрали

Нөгөө талаас амьдрахад хамгийн аюултай, таагүй хотоор Сирийн Дамаск хот тодроод байгаа бол араас нь Бангладешийн Дакка болон Нигерийн Лагос хотууд жагсаж байгаа аж. Эдгээр хот жагсаалтын сүүл мушгих болсон шалтгаан нь гэмт хэргийн гаралт, иргэний дайн, терроризм зэрэгтэй холбоотой ажээ.

Амьдрахад хамгийн аюултай 10 хот

1. Дамаск, Сири
2. Дакка, Бангладеш
3. Лагос, Нигери
4. Карачи, Пакистан
5. Порт-Морсби, Папуа Шинэ Гвиней
6. Хараре, Зимбабве
7. Триполи, Ливи
8. Дуала, Камерун
9. Алжир, Алжир
10. Дакар, Сенегал



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, CNN