Танзанийн оточ нараас болж альбинос хүний яс эд баялаг, аз хур авчирдаг гэх мухар сүсэг ард олны дунд тархсан. Улмаар тэднийг араатан амьтан шиг л нядалж, төрсөн гэр бүл нь хүртэл хэдэн халтар мөнгөөр сольдог аж. Хамгийн аймшигтай нь энэхүү аймшигт хүний наймаанд төр баригчид, эрх мэдэлтнүүд ч орооцолджээ. 

Хүмүүс хүний амийг золин байж эд баялаг хураахын тулд нэг мөчинд 3000-4000 ам.доллар, бүтэн араг ясанд 75,000 доллар төлөхөд ч бэлэн байдаг. Гэртээ хоолоо идээд, хүүхдүүдтэй гадаад тоглоод, өглөө ажилдаа явж байхад нь ад зэтгэрээс өөрцгүй болсон хүмүүс дайрч үе мөчийг нь салгадаг. Үүнээс болж азтай нь тахир дутуу үлдэж, бусад нь бурхан болцгоодог билээ. 

Хүн болж бүрэлдэхээс арьс, үс, нүдийг будагч бодис биед огт агуулагдахгүй байхыг альбинизм гэх бөгөөд генээр дамжин удамшдаг. Танзанийн 1400 хүн тутмын нэг нь ийм өвчтэй нь дэлхийд дээгүүрт орох үзүүлэлт юм. Европт гэхэд 20,000 хүн тутамд нэг удаагийн тохиолдол бүртгэгддэг. Эрдэмтэд үүний шалтгааныг цус ойртолттой холбон тайлбарлажээ. 

Хохирогчдын тоог албан ёсоор бүртгэж эхэлснээс хойш 74 хүн эрдэнэт амиа алдаж, 59 хүн аймшигт халдлагаас амьд үлдсэн аж. Үхсэн хойноо ч амар заяагаа үзэлгүй 16 булш тонуулсан гэх. Харамсалтай нь энэ зөвхөн цаасан дээрх тоо. 

Өнгөрсөн арванхоёрдугаар сард дөрвөн настай Пендо Эммануэль Нунди гэрээсээ барьцаалагдсан. Цагдаа нар эл хэрэгт түүний аав, авга ах хоёр нь холбоотой байж болзошгүй гээд саатуулан шалгаж буй. Охиныг олж өгвөл өндөр шагнал өгөхөөр амалсан ч сураг ажиг гараагүй юм. Иймэрхүү халдлагаас амьд гарсан хүмүүс охинд сайн зүйл тохиогоогүй гэж ам бардам хэлсэн билээ.

Мвигулу Матонанж найзын хамтаар хичээлээ тарж яваад алуурчдын гарт орсон. Тэр ердөө 10 настай байлаа. “Намайг яг нядлах гэж байгаа ямаа шиг барьсан” гэж жаал хүү харуусан ярьжээ. Дээрэмчид түүний зүүн гарыг тасдаж аваад ширэнгэн ой руу алга болсон гэнэ. 

38 настай эмэгтэй 2013 оны хоёрдугаар сарын орчимд шөнө унтаж байхад нь нөхөр нь үл таних 4 эртэй дайрсан тухай НҮБ-ын баримт бий. Аавыгаа унтлагын өрөөнөөс ээжийнх нь гарыг бариад гарч явахыг 8 настай охин нь харсан аж. 

Ийнхүү таних, танихгүй, эр нөхөр, эцэг, эхээсээ айж эмээж яваа тэд бидний л адил хүмүүс. Тэдний гар, хөлийг цалийнгийн доод хэмжээнээс 3 дахин илүү мөнгөний төлөө мал шиг огтолж байна.

“Ээж, аав нь нийлээд хүүхдээ дээрэмчдийн гарт өгч байхад би хэнд итгэх юм бэ? Дайснаа ч таних арга алга. Мөнгөний төлөө биднийг худалдаж байна. Яагаад? Энэ бүхний ард хэн байна вэ?” хэмээн альбинос хүмүүсийн эрхийг хамгаалагч Жозефат Торнер ярьлаа. 

Танзани тэргүүтэй Африкийн ихэнхи орон мухар сүсэгт автаж альбинос хүмүүсийг хараал, “сүнс” гэж хардаг бөгөөд дэлхийгээс явуулах ёстой гэдэг. Альбинос хүүхдийг аль болох багад нь алах ёстой гэдэг ч эсрэгээрээ үе мөчийг нь өндөр үнээр худалдаж авдаг.

Амьд хүний гар хөлийг тасдаy шулаад ясаар нь уусмал хийж, сахиус болгон зүүж, алт ухах гэж буй газраа булж ашигладаг. Загасчид харин үсийг нь сүлжиж загасны торондоо уяж олз омог дуудна. Хүүхэд бурхан шиг гэнэн цайлган болохоор өндөр үнэ хүрдэг. Мөн дайрч алахад том хүн шиг өөрийгөө хамгаалах чадалгүй болохоор хялбар өгөөш болдог аж. 

НҮБ-ын тайланд ихэвчлэн гар, хөлийг нь тасддаг тухай дурджээ. Үүнээс гадна толгой, бэлэг эрхтэн, чих, хэлийг нь тасдаж, нүд, зүрхийг нь ухаж, арьсыг нь хазаж авдаг гэнэ. Ерөнхийдөө биеийн бүх л хэсэг нь аз дагуулдаг ба өвчнөө анагаах гэж бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдол ч бий. 

Нэгэн нарны дор хандивын сан 2009 онд байгуулсан Канадын иргэн Питер Аш Жозефатыг дэмжин ажилладаг. Тэрбээр “Танзани ядуурлын түвшнээр дэлхийд 25-д жагсдаг. Тиймээс ийм их мөнгө зөвхөн улстөрч, баян бизнесмэнүүдэд л бий. Өнгөрсөн хугацаанд альбинос хүмүүсийг хүнд хохироосон 10 хүнийг л баривчлан ялласан. Үүнд дандаа хөлсний алуурчин, шулмас оточ л байсан ба худалдан авагчийн нэрийг тас нуусан. Бүр үхэх ял оноож байхад ч нэг ч үг дугараагүй.” хэмээлээ. 

Ирэх аравдугаар сард Танзанид сонгууль болох тул альбинос хүмүүсийн хувьд хамгийн аюултай үе ирээд буй. Улстөрчид хэдийнэ өөртөө аз дуудуулж, сонгуульд ялалт байгуулахаар шулмас удган оточ нарт хандаж эхэлсэн. Мэдээж эргүү мухар сүсгээ дагаж амьд хүний яс хайх нь гарцаагүй. Сүүлийн нэг жилийн дотор аллага, халдлага эрс ихэссэн тухай Жозефат мэдэгдлээ.

Эх орондоо айх айдасгүй, бусдын л адилаар амьдрах хүсэлтэй тэднийг гээд гар сунгах хүн үнэндээ алга. Жозефат ч өөрөө альбинос агаад халдлагад хэд хэдэн удаа өртсөн. Төрийн дээд албан тушаалтнууд нь зоосны нүхээр амьдралыг харж хүний эрдэнэт амь золиж буйгаа мэдэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй яваа. Иймд тэднийг хамгаалах хууль хүчин нэгээхэн ч үгүй. Байлаа ч хэрэгжих нь ховор. НҮБ тэргүүтэй олон улсын байгууллага тайлан тооцоо хийж, анхааруулга өгөхөөс илүү тус болж чадахгүй хэвээр л байна.