Сүүлийн үед залуучууд худал мэдээлэлд автан амьдаар нь голионы бөгсыг сорох үйлдэл цөөнгүй гарч байна. Зарим хүн фэйсбүүкээр голионы бөгс сорох аяныг ч өрнүүлээд буй юм. 

Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн анхааруулга гаргажээ.

Тэрээр "Азийн орнууд тэр тусмаа өмнө хятад юннань японд ургамлын харшилд царцааг хэрэглэдэг. Царцааны бэлдмэл гэж байхаас гадна шууд хуурч иддэг. Харин голиог огт хэрэглэдэггүй. Голио өвс ургамлаас гадна махан идэштэй. Энд тэндэхийн сэг зэм үхсэн мэрэгчээр хооллоно.

Ихэнх голионы гэдсэнд туузан хорхой үржсэн байдаг бөгөөд голионы гэдсийг гаргаад үзэхээр мушгираад байж байдаг. Адуу, үхэр өвс идэж байхад голио хазагдаж гэдсэнд нь орсноор туузан хорхой үржиж адуу, үхэр турж эцэстээ үхэхэд хүрдэг. Хүний ходоодонд орсон нь шулуун гэдэс бүдүүн гэдсэнд үржиж том цүдгэр гэдэс үүсгэж эсвэл турж эцэж амьдаараа өтний хоол болж эхэлдэг. Зарим нь урт болсоор байгаад ходоодны амаар цухуйж гарч ирэх тохиолдол бий. Мөн гэдсэн дотор нь туузан хорхой өндөглөж шулуун гэдэс болон шүлсээр гадагшилдаг бөгөөд ахуйн замаар эргэн тойрондоо халдварлаж бусдыг өвчлүүлдэг. Ам, шүлс, аяга, гар, ор хөнжил гэх мэт замаар өндөг халдварлаж дараагийн хүний ходоодонд үржиж эхэлдэг. 

Сүүлийн үед фэйсбүүкээр голионы бөгсийг амьдаар нь сорох аян өрнөөд байх шиг байна. Голио нь бие дотроо 50 мянга хүртэлх тооны, 18 төрлийн шимэгч шавьжны өндөг, 140 орчим өвчин үүсгэх нян, вирус, бүр тахлын нян ч тээх тохиолдол байдаг. Залуу хүн мэдлэггүйгээсээ болоод маш буруу үйлдэл хийж байна" гэдгийг анхаарууллаа.