АНУ-ын Засгийн газрын төлөөлөгчид Хятадын түшмэдтэй худалдааны хэлэлцээ хийхээр ирэх нэгдүгээр сарын эхний хагаст Бээжин хотыг зорино гэж Bloomberg агентлаг эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, худалдааны хэлэлцээнд АНУ-ыг төлөөлөгч Роберт Лайтхайзерын орлогч Жеффри Герриш улсынхаа төлөөлөгчдийг тэргүүлэх ажээ. Мөн Сангийн сайдын олон улсын асуудал эрхэлсэн орлогч Дэвид Мэлпас бүрэлдэхүүнд нь багтсан байна. 

Хэлэлцээг Хятадын нийслэл хотод нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт хийнэ. Хятадын талаас чухам ямар хүмүүс хэлэлцээнд оролцох нь одоогоор тодорхойгүй байна.

АНУ болон Хятад ирэх оны нэгдүгээр сард худалдааны асуудлаар зөвлөлдөх уулзалт хийхээр төлөвлөж байгаа тухай өмнө нь АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин мэдээлж байв. Тэрбээр энэ сард Bloomberg агентлагт ярилцлага өгөхдөө хэлэлцээ хийх өдрийг тодорхой дурдаагүй боловч хэд хэдэн уулзалт хийнэ гэдгийг мэдээлжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, AP