ВАШИНГТОН. /Yonhap/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жү Интэй БНАСАУ болон хоёр талын холбооны талаар хэлэлцэхээр ирэх зургадугаар сард БНСУ-д айлчилна.


Д.Трамп “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Япон улсыг зорих үеэрээ БНСУ-д айлчлах аж. БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлснээр, талууд нарийвчилсан хуваарийн талаар дахин хэлэлцэх ажээ. 


“Хоёр орны удирдагчид БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах замаар Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох арга замын талаар хэлэлцэнэ” гэж Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Ко Мин Жүн мэдээлсэн байна. 


“Д.Трамп, Мүн Жэ Ин нар БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах чиглэлд гаргах хүчин чармайлтаа нэмэгдүүлэх, АНУ-БНСУ-ын холбоо, хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх талаар хэлэлцэнэ” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгджээ. 



БНАСАУ-ын цөмийн зэвсэг, баллистик пуужингийн туршилтуудын талаарх хурцадмал байдал дээд цэгтээ хүрч байх үед буюу 2017 оны 11 дүгээр сард Д.Трамп БНСУ-д айлчилж байсан билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг