МОСКВА. /RIA Novosti/. Саудын Арабын хаан Сальман бен Азиз Аль Сауд бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд АНУ-ын цэргийн анги нэгтгэлийг улс орондоо байрлуулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ гэж SPA агентлаг тус улсын Батлан хамгаалах яаман дахь эх сурвалжуудынхаа мэдээллээс иш татан уламжилжээ.


“Бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах, мөн энх тайвны баталгаа олгох хамтын ажиллагааны түвшнийг дээшлүүлэх зорилгоор Америкийн цэргүүдийг Саудын Арабын нутаг дэвсгэрт байрлуулж буй юм” гэж мэдээлэлд дурдсан байна.


Иран болон тус улсын холбоотнуудын зүгээс учирч болзошгүй аюул заналыг сөрөн зогсох хүчийг нэмэгдүүлэх хүрээнд Пентагон хэдэн зуун цэргээ Саудын Араб руу илгээхээр төлөвлөж байна гэж “Wall Street Journal”  сонин урьд нь Америкийн түшмэдийн мэдээллээс иш татан уламжилсан байна. Тус сонины эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ 500 гаруй цэргийг хунтайж Султаны нисэх хүчний бааз руу илгээж эхэлжээ.


АНУ 2003 онд Саудын Арабаас цэргүүдийнхээ дийлэнхийг татсан бөгөөд мөн онд хунтайж Султаны нисэх хүчний баазын хяналтыг тус улсын эрх баригчдад шилжүүлэн өгчээ. Америкийн цэргүүдийг гаргасны дараа зөвхөн Саудын Арабын армийг сургах, дэмжих чиглэлээр ажилладаг сургагч нар тус улсад үлдсэн байна.


АНУ Ираны Лалын хувьсгалын хамгаалах корпусыг террорист байгууллагаар, харин Иран улс хариуд нь Ойрхи Дорнодод байрлаж буй АНУ-ын Төв командлалыг ийм байгууллагаар зарлах үед буюу бүр хавар бүс нутгийн байдал хурцдаж эхэлсэн юм.


Эх сурвалж: Монцамэ агентлаг